2019 Нээлттэй улс төр сэтгүүл


0:00
/

pdf унших - 2019 НЭЭЛТТЭЙ УЛС ТӨР

Манай сэтгүүлийн ээлжит дугаар дэлхий дахинаа халдварт өвчин дэгдэж, олон хүн өвдөж, бас нас барж буй хүнд үед уншигчдын гарт очиж байна. Цар тахлын тархалт улс орон бүрт янз бүр байгаа зэргээс шалтгаалан ардчиллын талаар эргэлзэнгүй өнгө аястай үг яриа ч мэр сэр гарах болов. Зарим оронд иргэд хөл хорионы дэглэм зөрчих зэргээр задгайдуу байснаас болж тахал ихээхэн тархаж байгаа нь ардчиллын мөн чанартай холбоотой бус ардчилал бол эрх үүргийн шүтэлцээ юм гэдгийг ойлгоогүй, хуулинд захирагдах нь ардчиллын нэг хэм хэмжээ гэдгийг дутуу ухамсарласан хувь хүний үйлдлээс болж байгаа гэдэг нь эргэлзээгүй юм. Харин ч ковид-19 нь ардчиллын хэм хэмжээг сайтар сахих нь ямар чухал болохыг харууллаа. Түүнчлэн өнөөгийн нийгэм-улс төрийн амьдралд иргэдийн улс төрийн боловсрол ямар чухал болохыг давхар харуулж байна. Манай сэтгүүл эл дугаартаа уламжлал ёсоор иргэдийн улс төрийн оролцоо, иргэний нийгмийн байгууллага, тэдгээрийн оролцоо, ач холбогдлын талаар цуврал өгүүллүүдийг нийтэлж байна. Улс орны улстөр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо эрүүл саруул байж, хөгжил дэвшилд хүрэхэд иргэдийн оролцоо чухлаас гадна, нөгөө талаас төрийн алба шударга, чадварлаг, үйл ажиллагаа нь үр нөлөөтэй байх учиртай. Энэ сэдэвт зориулсан өгүүллүүд бас нийтлэгдэж байна. “Чадварлаг, сайн захиргаатай байх нь тансаглал биш ээ” гэсэн оновчтой үг байдаг билээ. Цаашид ч бид энэ сэдвийг хөндөж, төрийн албаны өнөөгийн байдал, сайжруулах арга замын асуудлаар өгүүлэл нийтлэх болно. Өнөө үеийн нэг онцлог бол аж үйлдвэрийн шинэ хувьсгал өрнөж, шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй дэвшлийн үр дүнд хүн төрөлхтний ажиллах, амрах, амьдрах бүхий л арга маяг өөрчлөгдөж байгаа явдал мөн. Үүнээс улбаалан гарч байгаа нэг шинэ үзэгдэл бол цахим засаглал юм. Цахим засаглал, цахим боловсрол, цахим худалдаа гэх мэт болон бусад олон салбарын “цахимууд” нь нэг талаас төрийн үйлчилгээг цахимжуулах, нөгөө талаас иргэдийн “цахим тайлагдалт”- ыг хэрэгжүүлэх шаардлагыг буй болгож байна. Уншиж бичиж чаддаггүй хүнийг бичиг үсэг үл мэдэгч гэдэг байснаа, одоогоос хэдхэн жилийн өмнө бичиг үсэг мэдэх нь хангалтгүй, түүний дээр компьютер ашигладаг байх хэрэгтэй гэдэг байсан бол одоо бүхий л төрлийн цахим хэрэгслийг ашигладаг байх хэрэгтэй болж байна. Энэ тухай сэдэв ч бас хөндөгдөж байгааг уншигчид ажиглах бизээ. Сэтгүүлийн анхаарлын төвд байнга байдаг асуудлын нэг нь байгаль, экологи юм. Үүнд ч иргэний оролцоо чухал нөлөөтэй юм. Монголчууд байгаль дэлхийгээ хамгаалж, зохицон аж төрөх баялаг уламжлалтай. Түүнийг өнөө үед ч баяжуулан ашиглах нь өгөөжтэй байх болно. Эцэст нь тэмдэглэхэд сэтгүүлд нийтлэгдэж буй өгүүллүүдийн дүгнэлт санал нь манай сэтгүүлийн бус, өгүүлэл бүрийн зохиогчийн байр суурь юм. Тиймээс уншигчид төрсөн санал сэтгэгдлээ зохиогчидтой хуваалцах боломжтой. Түүнд манай сэтгүүл зуучлагчийн үүрэг хүлээхэд бэлэн байна.

Дундад зуунаас капитализмд шилжих явцад иргэний нийгэм бүрэлдэж, хүмүүс төр, нийгмийн ялгааг ухамсарлаж эхэлжээ. Иргэний нийгмийн үзэл санаа нь улс төрийн сэтгэлгээний уламжлалд оршдог. XVII зуунд Голландад үүссэн анхны капитализмын эрхийн үзэл баримтлал нь Гуго Гроций, Барух Спиноза нарын үндэслэсэн хүний байгалийн жам ёсны эрхийн тухай үзэл юм. Энэ онолын гол таамаглал нь тэгш байдал бол хүмүүсийн байгалийн бодит нөхцөл байдал юм. Хүн төрөлхтөн байгалиас тэгш эрхтэй төрсөн. Тэгш эрх нь эрх чөлөөг агуулдаг тул хувь хүн бүр энэ эрх чөлөөг эдлэх эрхтэй. Энэхүү байгалийн тэгш байдал нь бие махбодийн болон сэтгэцийн чадварын тэгш бус байдалтай бүрэн нийцдэг гэж үздэг. Феодаль эздийн харьяалалд байсан, эрх чөлөөгүй хамжлагат албатуудын оронд, капиталист үйлдвэржилтийн явцад хотуудад хөлсний хөдөлмөр эрхэлсэн ажилчин анги үүссэн байна. Хэн нэгэн газрын эзэн, эсвэл угсаа залгамжилсан сурвалжит язгууртнаас хараат бус, өөрөө өөртөө эзэн болсон эрх чөлөөт хөлсний хөдөлмөр эрхлэгч хүмүүсийг Францын 1789 оны их хувьсгалаар гарсан “Хүний ба иргэний эрхийн тунхаг”-аас хойш улсын, эсвэл хотын иргэн хэмээн нэрлэж, албан ёсны иргэний байр суурийг бий болгожээ. Өчүүхэн бага хөлсөөр хөдөлмөрлөж амьдардаг эдгээр “ажилчин анги” эрхээ эдэлж чаддаггүй нь тэдний хэт ядуу байсантай холбоотой юм. Гэвч тэд эрхийнхээ төлөө тэмцэх оюун санааны нэгдлийг бий болгож эхэлсэн ч энэ нь коммунизмын зэрэглээг бий болгох үндэс болжээ. Тухайн үед харьцангуй цөөн боловч дунд ангид тооцогдох сэхээтнүүд болон жижиг бизнес эрхлэгчдийн эрх ашиг, сонирхлын жижиг нэгдлүүд үүсэж, төрд шаардлага тавих болсноор иргэний нийгмийн бие даасан хүрээнүүд бүрэлдсэн ажээ. Жон Локкийн зөвхөн иргэдийн ухамсартай сонголтод үндэслэсэн нийгмийн хэлэлцээрээр хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхт хүчин л төрийн эрхийг барих ёстой гэсэн үзэл санаа нь иргэний нийгмийн оюун санааны үндэс болжээ.

Иргэний нийгмийн үзэл баримтлал нь нийгмийн янз бүрийн бүлгүүдийн ашиг сонирхлыг илэрхийлсэн олон утгыг агуулдаг ч олонх эрдэмтэн судлаачид энэ нь ардчиллын үндсэн тулгуур гэж үздэг байна. Иргэний нийгэм гэдэг нь төр, улс төр, хувийн болон эдийн засгийн салбараас ялгаатай, хүмүүсийн сайн дурын үйл ажиллагааны хүрээ бөгөөд амьдрал дээр хүмүүсийн эдгээр харилцааны хил хязгаарыг тогтоох боломжгүй юм. Томас Гоббс зөвхөн төр л хувь хүний аюулгүй байдал, тайван амьдралын баталгаа болж чадна. Төр хүчтэй байснаар иргэний нийгэм цэцэглэн хөгжих боломжтой гэсэн санааг илэрхийлжээ. XVIII зууны хоёрдугаар хагаст иргэний нийгмийн тухай ойлголтыг үзэл баримтлалд оруулах томоохон өөрчлөлтийг Адам Фергюсон, Томас Пейн нарын олон сэтгэгчид хийсэн байна. А.Фергюсон хүн бүдүүлэг, энгийн байдлаас гарахын тулд дүрэм, ёс заншилд захирагдаж сурдаг. Иргэний нийгэм бол соёл иргэншлийн боловсронгуй хэлбэр мөн. ...соёлтой нийгэмд зиндаа зэрэглэл буюу иерархи шатлал, мэргэжлийн ялгаа, хөдөлмөрийн хуваарь нь ур чадварыг дээшлүүлж, худалдаа, үйлдвэрлэлийг ахиулахад хүргэсэн. Үүний үр дүнд “баялгийн эх үүсвэр нээгдэж”, иргэний болон арилжаа, урлагийн хамгийн төгс төгөлдөр байдал цэцэглэн хөгжих боломжтой юм гэж үзэж байв. Энэ үед иргэний нийгмийн үзэл баримтлалыг аажмаар боловсруулж, түүнийг төрөөс ялгаж, иргэний нийгмийг өөрийн хэлбэр, зарчимтай болгосон. Энэ үеэс эхлэн иргэний нийгмийг зөвхөн төр рүү чиглэсэн төдийгүй төрийн эрх мэдлийг хязгаарлах (заримдаа бүр эсрэг зүйл) үүрэг гүйцэтгэхэд чиглүүлэх болсон. Жон Локк иргэний нийгмийг төрөөс тусдаа, бие даасан байгууллага бөгөөд хувь хүн, тэр дундаа хувь хүний эрх, өмч хөрөнгийг төрийн дур мэдэн хөндлөнгөөс оролцох явдлаас хамгаалах үүрэгтэй гэжээ (Merkel and Lauth 1998, 4; Schade 2002, 10). Ш.Монтескье “Төрийн эрх мэдэл ба иргэний нийгмийн хоорондын тэнцвэрт байдлыг онцолж, төрийн эрх мэдэл, хууль ёс нь иргэний нийгмийн хүч чадлаар хязгаарлагдах ёстой” гэж үзэж байжээ (Merkel and Lauth 1998, 5). Алексис де Токвиль “Америк дахь ардчилал” бүтээлдээ иргэний нийгэм бол ардчилсан сэтгэлгээ, хандлага, зан төлөв (хүлээцтэй байх, шударга ёс, итгэлцэл гэх мэт)-ийг хувь хүн бусад иргэн бүрээс сурч мэддэг ардчиллын сургууль бөгөөд тухайн нийгэмд төр, засаглалын монополь хүчирхийллийн олон хүчин зүйлээс хувь хүний эрх ашгийг хамгаалахыг зорьсон байдаг гэсэн санааг илэрхийлжээ. Ф.Гегель “Иргэний нийгэм бол гэр бүл, төрийн зохицол мөн. Ийм нийгэм нь хувийн өмч, социал ялгарал, сонирхлын олон янз байдал, бүлэг болон хувь хүмүүсийн харилцан үйлдэлд үндэслэгддэг. Уг нийгэм дотроо зөрчилдөөнтэй, олон ургалч, энэ нийгэмд эрх чөлөөт хүн бүр өөрийн зорилготой, бусад нь түүний хувьд юу ч биш. Сонирхлын олон янз байдлыг зохицуулахын тулд төрд бүх нийтийн сонирхлыг илэрхийлж шийдвэр гаргах чадвартай дээд шүүгч /арбитр/ хэрэгтэй. Нийгэм зөвхөн төрийн удирдлагын хүчинд л “иргэний” байж чадна” гэжээ. Юрген Хабермасын “коммуникацийн үйл ажиллагааны онол”-д улс төрийн шийдвэрүүдийн хууль ёсны байдал нь зөвшилцлийн нээлттэй харилцаа, өөрөөр хэлбэл иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, тэдний шударга мэтгэлцээнээр хангагддаг гэж үздэг.