pdf унших - Монголын дуу хоолой
ЖДҮ-чдийн дуулиан
“45”-ын гутал гэдэг шиг УИХ-ын гишүүд, сайд нар нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 950, 950 сая төгрөг хувьдаа авч ижилсэн нь энэ оны онцлох дуулиан байлаа. Бизнес эрхлэхээр төсөл бичиж, дүрэм журмын дагуу хандсан ч хана мөргөсөн иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрэв. Харамсалтай нь, МАН-ын дарга У.Хүрэлсүх иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцохоос урьтаж, Уучлал гуйх “аян” зарласан нь амжилт олсонгүй. Цахим орчинд ч, гадаа талбайд ч “Бид уучлахгүй” давалгаа өрнөж, эцэстээ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах санал дотроосоо, тодруулбал МАН-ын бүлгийн гишүүдээс өөрсдөөс нь эхэлж гарсан юм. УИХ-ын 27 гишүүний Засгийн газрыг огцруулах үндэслэлийнх нь эхэнд ч “ЖДҮ-чдын дуулиан” дурайсан байлаа. Улс төрийн хувьд Засгийн газрын хувь заяатай дүйж ирсэн ЖДҮДС тойрсон хэргээр төрийн албан тушаалтнууд ч хуулийн хариуцлага эхнээсээ хүлээж хоригдож, шалгагдсан. Түүнчлэн Засгийн газрын нэр бүхий сайд нар энэ хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бол холбогдсон дэд сайд, агентлагийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд улс төрийн хариуцлага хүлээж огцорсон. Мөн АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байгаа юм. Ингэхдээ сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байгаа банк бус санхүүгийн байгууллага, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ажээ.
Парламентын засаглалд бодит аюул нүүрлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр 2018 оны 10-р сарын 29-д хандсан. Ерөнхийлөгч Зөвшилцөх тухай албан бичигтээ, “УИХ-ын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна” хэмээн онцолсон байв. Мөн энэ жилийн төсөвт олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан зэрэг улс орны эдийн засгийг туйлдуулах, хууль зөрчсөн олон асуудал байгаа гэдгийг анхаарулсан ч парламентаас “гишүүний мөнгө”-ийг 3 тэрбумаар нэмэгдүүлэн 8 тэрбум болтол нь өсгөх санал гарсныг шүүмжилсэн байлаа. Харин УИХ-ын дарга М.Энхболд уг зөвшилцөлд хариулахдаа, УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар санал нийлэхгүй байгаагаа уламжлав. Хамгийн харамсалтай нь, төрийн хоёр институцийн харилцан явуулсан энэ бичигтээ зэрэгцэн цахим орчинд санаатай, санамсаргүйгээр Ерөнхийлөгчийн засаглалд шилжих далд уриалга хүчтэй өрнөсөн юм. 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар олж авсан ардчилал, парламентын засаглалд бодитой аюул учирсан нь 2018 оны онцлох, сэрэмжлэх үйл явдал байсан нь гарцаагүй билээ.
У.Хүрэлсүх тэсч үлдлээ
УИХ-ын 2016 оны сонгуулиар 65 суудалтай хэт олонхи болсон эрх баригч МАН-ынхан хоёр дахь Засгийн газартаа хариуцлага тооцож огцруулахаар парламентаар хэлэлцлээ. Өмнө нь Ж.Эрдэнэбатын танхимыг унагасан бол энэ удаад МАН-ын 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирсэн юм. Гэвч МАН-ын бүлгийн гишүүдийн санаачлагаар эхэлсэн Засгийн газрыг огцруулах санал УИХ дээр олонхийн дэмжлэг авсангүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны 62.5 хувь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хариуцлага тооцохыг дэмжсэн бол УИХын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 73 гишүүний 54.8 хувь нь Засгийн газрыг авч үлдэхээр шийдвэрлэсэн юм. Сөрөг хүчин Ардчилсан намын тухайд Улс төрийн зөвлөл болон УИХ дахь намын бүлгээс нь Ерөнхий сайдад хариуцлага тооцож огцруулах улс төрийн шийдвэр гарсан ч нэр бүхий гурван гишүүн нь намын шийдвэрийнхээ эсрэг санал өгөв. Ингэснээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдаараа үлдэж, эрх баригчдын хоёр дахь Засгийн газар тэсч үлдлээ.