Төсөв, төсвийн бодлого


0:00
/

Pdf унших - Төсөв, Төсвийн бодлого

Монгол Улсын өмнө тулгамдаад буй эдийн засгийн асуудлуудад дүн шинжилгээ хийж, судалгааны ажлуудыг хүргэх замаар нийгэм, олон нийтэд эдийн засгийн шинжлэх ухаан, боловсролыг түгээн дэлгэрүүлнэ. Эдийн засгийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдыг дэмжих, тэр дундаа залуу эдийн засагч, эдийн засаг судлаачдыг дэмжиж ажиллана. Эдийн засагч, судлаачид, эрдэмтэн багш нарын судалгаан, шинжилгээний ажлыг шийдвэр гаргагчид болон бодит эдийн засагт оролцогчдод хүргэх үндсэн платформ болно.

Би 2-3 зүйлийг л онцолж хэлье. Нэгдүгээрт, төсвийг чи уншиж чадах ёстой. Энэ бол тухайн улс орны санхүүгийн жилийн төлөвлөгөө юм. Үүнийг уншиж чадна гэдэг эдийн засагч болж байгаагийн нэг шинж. Төсөв бол тухайн улс орны хөгжлийн хүрсэн түвшинг илэрхийлдэг. Ийм түвшинд байна шүү гэдгийг нь илэрхийлж байгаа юм. Хоёрдугаарт, энэ улс орон ямар зорилт дэвшүүлээд байна, ирээдүйн чиг хандлага нь хаашаа вэ гэдгийг илэрхийлдэг баримт бичиг. УИХ энэ хоёр өнцгөөс нь харж төсөв батлах учиртай. Төсөв дотор зээл тусламж нэлээд их хувийг эзэлж байвал энэ улс эдийн засгийн хувьд тааруу, гаднаас хараат, чухам хэнийд хараат вэ гэдэг нь хүртэл харагдана. Зээл тусламжийг орхиод дотоод орлогыг аваад үзье л дээ. Татварыг задлаад үзэхээр хүн амын орлогын татвар, аж ахуйн нэгж, байгууллагынх гэж байгаа. Энэ хоёр тоог задлаад ерөнхий динамикийг нь харахаар эднийх бизнесийн орчин хэр байна вэ, ард иргэддээ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад хэр өгөөжтэй юм бэ гэдэг нь харагддаг. Товчхондоо, ард иргэдийнхээ нуруун дээр болоод төр засаг нь өөрөө хэдий хэмжээний ачаа үүрч явдаг нь төвөггүй уншигдана. Цаашлаад НӨАТ, Гаалийн албан татвар гэж байгаа. Энэ нь улсын төсвийн бүрдүүлэлтийн хэдэн хувийг эзэлж байна. Ерөнхийдөө гаалийн албан татвар, НӨАТ-ын эзэлж байгаа хувийн жин, бусдаасаа хэдий их байна, төдий чинээ сул засаг байна гэсэн үг. Ардчилал бүрэн хэмжээгээр төлөвшөөгүй, ард иргэдийнх нь эдийн засгийн соёл, боловсрол, сахилга бат нь сул байгаа нь харагддаг. Гаалийн татварыг хил дээр хүч хэрэглэж байгаад цуглуулдаг. Төр хүчээр үүнийг цуглуулж авч байна гэсэн үг. Ард иргэд нь өөрсдөө очоод өгдөг татвар бол хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгж байгууллагуудын татвар. Үүнээс төр хэр хүчтэй, аль хэр сул вэ гэдгийг мэдэж болно. Товчхондоо, төсөв гэдэг өнөөгийн түвшин, ирээдүйн зорилтыг илэрхийлж байгаа баримт бичиг боловч том зургаар нь харвал тухайн улс оронд байгаа бүх зүйлийн зангилааг харж болох юм.