pdf унших - Удирдлагын арга барил ярилцлага, нийтлэл
Төрийн албан хаагчдад зориулсан цуврал гарын авлагын хүрээнд Төрийн захиргаа сэтгүүлийн “Зочин”, “Намтар судлал”, “Монгол төрийн түшээд” зэрэг буланд нийтлэгдсэн ярилцлага, нийтлэлүүдийг эмхэтгэн та бүхэнд хүргэж байна (Ярилцлага, нийтилэлүүдийг сэтгүүлд гарсан он дарааллаар нь оруулсан болно). Энэхүү гарын авлагад олон жил удирдах ажил хийж байгууллага, хамт олныг амжилттай удирдаж намтар түүх нь бусдад сургамж болон үлдсэн удирдах ажилтнуудаас гадна төрийн өндөр албан тушаал хашиж улс орныг нийгмийн өөрчлөлтийн эгзэгтэй мөчид удирдаж байсан Монгол улсын Ерөнхий сайдууд, мөн УИХын даргаар ажиллаж байсан эрхмүүдийн ярилцлагыг сонгон орууллаа. Эдгээр намтар түүх, ярилцлагууд төрийн албан хаагчдад төдийгүй удирдах ажил хийж буй бүх хүмүүст, ялангуяа урт замын эхэнд зогсож буй залуу удирдах ажилтнуудад сэдэл санаа өгч ажилдаа амжилт олоход нь тус болно гэж найдаж байна. Удирдах ажил хийж буй хүн тодорхой зорилгод хүрэхийн тулд баг хамт олон, байгууллагын нийт ажилтнуудыг тухайн зорилгод хамтдаа хүрэх хүсэл тэмүүллийг нь бадрааж, урам зоригтой урагшлах эрч хүч өгч, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх арга замаа хамтран ярилцаж, итгэл өгч удирдан чиглүүлж ажиллах учиртай. Мэдээж таны удирдлаганд ажиллаж буй хүмүүс бүгд дахин давтагдашгүй, өөр хооронд нь харьцуулашгүй цорын ганц бие хүн гэдгийг байнга санаж, тэднийг судалж таньж мэдэж ажиллах хэрэгтэй. Тиймээс удирдах албан тушаал хашиж буй хүн ажилтан бүрд таарсан “түлхүүр”-ийг олж авах нь чухал байдаг. Магадгүй Та зарим хүмүүстэй агшин бүр өөр өөр арга барилаар ажиллах хэрэгтэй болж ч мэднэ. Тэгэхээр нэг хүнд хэд хэдэн “түлхүүр” ч хэрэг болж болох юм. Түүнээс гадна байгууллагыг бүхэлд нь удирдан зохион байгуулах ажил удирдахажилтны нэг чухал үүрэг байдаг. Энэ үүргээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд Та байгууллага, хамт олныг амжилт өөд хөтөлдөг, байгууллагын зөв соёл төлөвшүүлэхийг хичээн ажиллах хэрэгтэй. Мэдээж энэ бүхнийг онол ном үзэж мэдэхээс гадна, туршлагатай удирдах ажилтнуудын туулж өнгөрүүлсэн амьдралын түүх, тэдгээрийн удирдах арга барилаас олж мэдэж суралцдаг байх нь чухал.