pdf унших - 2017 ГА Удирдлагын арга барил
Төрийн албан хаагчдад зориулсан цуврал гарын авлагын хүрээнд Төрийн захиргаа сэтгүүлийн “Зочин”, “Намтар судлал”, “Монгол төрийн түшээд” зэрэг буланд нийтлэгдсэн ярилцлага, нийтлэлүүдийг эмхэтгэн та бүхэнд хүргэж байна (Ярилцлага, нийтилэлүүдийг сэтгүүлд гарсан он дарааллаар нь оруулсан болно). Энэхүү гарын авлагад олон жил удирдах ажил хийж байгууллага, хамт олныг амжилттай удирдаж намтар түүх нь бусдад сургамж болон үлдсэн удирдах ажилтнуудаас гадна төрийн өндөр албан тушаал хашиж улс орныг нийгмийн өөрчлөлтийн эгзэгтэй мөчид удирдаж байсан Монгол улсын Ерөнхий сайдууд, мөн УИХын даргаар ажиллаж байсан эрхмүүдийн ярилцлагыг сонгон орууллаа. Эдгээр намтар түүх, ярилцлагууд төрийн албан хаагчдад төдийгүй удирдах ажил хийж буй бүх хүмүүст, ялангуяа урт замын эхэнд зогсож буй залуу удирдах ажилтнуудад сэдэл санаа өгч ажилдаа амжилт олоход нь тус болно гэж найдаж байна. Удирдах ажил хийж буй хүн тодорхой зорилгод хүрэхийн тулд баг хамт олон, байгууллагын нийт ажилтнуудыг тухайн зорилгод хамтдаа хүрэх хүсэл тэмүүллийг нь бадрааж, урам зоригтой урагшлах эрч хүч өгч, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх арга замаа хамтран ярилцаж, итгэл өгч удирдан чиглүүлж ажиллах учиртай. Мэдээж таны удирдлаганд ажиллаж буй хүмүүс бүгд дахин давтагдашгүй, өөр хооронд нь харьцуулашгүй цорын ганц бие хүн гэдгийг байнга санаж, тэднийг судалж таньж мэдэж ажиллах хэрэгтэй. Тиймээс удирдах албан тушаал хашиж буй хүн ажилтан бүрд таарсан “түлхүүр”-ийг олж авах нь чухал байдаг. Магадгүй Та зарим хүмүүстэй агшин бүр өөр өөр арга барилаар ажиллах хэрэгтэй болж ч мэднэ. Тэгэхээр нэг хүнд хэд хэдэн “түлхүүр” ч хэрэг болж болох юм. Түүнээс гадна байгууллагыг бүхэлд нь удирдан зохион байгуулах ажил удирдах ажилтны нэг чухал үүрэг байдаг. Энэ үүргээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд Та байгууллага, хамт олныг амжилт өөд хөтөлдөг, байгууллагын зөв соёл төлөвшүүлэхийг хичээн ажиллах хэрэгтэй. Мэдээж энэ бүхнийг онол ном үзэж мэдэхээс гадна, туршлагатай удирдах ажилтнуудын туулж өнгөрүүлсэн амьдралын түүх, тэдгээрийн удирдах арга барилаас олж мэдэж суралцдаг байх нь чухал.
Бид бүхнийг өөрчлөн шинэчилж, шинэ нийгэм, шинэ орчныг зорьж буй өнөө цагт амьдралд хат сууж, дадлагажиж, туршлагажсан ахмадуудынхаа үг, сургамжийг сонсч, арга туршлагыг судлах нь зорилгодоо хүрэх бидний бас нэгэн арга зам болох юм. Чухам ийм л зорилгыг өвөрлөн Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” Ү.Аварзэд гуайтай хууч хөөрөлдлөө. - Таны ажил амьдралын “алтан үе”, хийж бүтээхийн л төлөө төрсөн мэт хөдөлмөрлөж байсан үе буюу “Хөдөлмөрийн баатар” хэмээх хүндтэй цол, алдар нэрийг хүртэж байсан үе бол Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Бадрал” нэгдлийн даргаар ажиллаж байсан он жилүүд байх. Одоо Та энэ сумынхаа ард иргэдийн ахуй амьдралын талаар сонирхож, санаа тавьж явдаг уу? Зах зээлд хэрхэн шилжсэн бол оо? - Би 1990 онд Улсын Нэгдлийн Холбооны Дээд Зөвлөл (НХДЗ)- ийн нэгдүгээр орлогч даргаар сонгогдож хотод ирээд 10 гаруй жил болж байна. 21 жил энэ сумын ард түмэнтэй ажиллаж, амьдарсан. Үнэхээр сайхан хөдөлмөрч түмэн байсан даа. Сумаараа ихийг чхийж бүтээсэн, их ч өөдөлж дэгжсэн. Манай сум тухайн үедээ улсын тэргүүний үйл ажиллагаатай, өөрийн гэсэн тэргүүний арга барилтай, улсын төлөвлөгөө даалгаврыг байнга биелүүлдэг, иймээс улсад хоёр, гурван ч удаа тэргүүн байр эзэлж байсан. Одоо бодоход энэ нутгийн түмэн яг л одоогийн зах зээлийн утга санаа, арга барилыг тэр үед авч хэрэгжүүлж байж. Мал ахуйгаа ч өсгөж, сум орноо ч хөгжүүлж, өөрсдийн ахуй амьдрал нь ч их дээшилсэн. Манай нэгдлийн малчид банкны мөнгөн хадгаламжаараа улсад нэгдүгээрт орж байсан гээд бод доо. Хөдөлмөрийн үр шимийг жинхэнэ хүртэж чаддаг байсан хүмүүс. 1990 онд намайг ирэхэд 200 гаруй мянган толгой мал тоолуулж байсан. Тэгтэл 2000 онд 212 мянган толгой малтай боллоо гэж “Хоёр буман мал”-ын баяр хийлээ. Би очиж чадаагүй ээ. Очъё ч гэж бодсонгүй. Æилд ганц ч мал улсын бэлтгэлд нийлүүлээгүй байж 10 жилийн хугацаанд юуны нь малын өсөлт, тэгээд бас баярлах байх вэ дээ! Ард түмэн хийсэн бүтээсэн амжилтынхаа баярыг л тэмдэглэдэг байх учиртай гэдгийг би Засаг даргад нь хэлсэн. Бидний үед чинь жилд 40-50 мянган мал улсын бэлтгэлд нийлүүлчихээд, дараа нь малын өсөлтийн тухай ярьдаг байлаа шүү дээ. Харин ноднин жилийн зуднаар Öагаан-Уулын малчид маань малынхаа 60 гаруй хувийг нь цас зуданд алдаж, ганцхан жилийн дотор бүхэл бүтэн ядуусын арми бий болж, түүнийг дагаад олон бэрхшээлтэй асуудлууд үүссэнийг нь хараад их харамсаж, өрөвдсөн. Улсын хэмжээнд Öагаан-Уул шиг их олон мал алдсан сум байгаагүй. Гаднаа малын хамар хатгах ганц бухал өвсгүй өвөлд орж байгаа малчдыг юу ч гэхэв дээ? Үнэндээ Öагаан-Уул гэлтгүй манайхан бүгд сум орноороо удирдлага, зохион байгуулалт муу байгаагаас, мал маллах анхны мэдэгдэхүүнгүй, чадалгүй малчид ихэссэнээс, малын таваарлаг чанар алдагдсанаас өвлийн цас зудыг тэсэхгүй сумаараа л хотоо харлуулах болж дээ. Нөгөө, өөрийн суманд ургаагүй бол өрөөлийн сумтай харилцан тохиролцоод хадаж бэлтгээд авчихдаг өвс тэжээл байхгүй, нөгөө арга туршлагатай, ахмад, сайн малчдын арга туршлагаа солилцох, өвлүүлэх, заах сургах явдал байхгүй дээр нь малчин бүртээ хүрч очиж үйлчилж болох болохгүйг нь ойлгож, залруулж явдаг сум орны удирдлагууд гэж байхгүй, хөдөөгийн малчдын эрэлт хэрэгцээг хангасан боловсрол, эрүүл мэнд, соёлжилтын үйлчилгээ гэж байхгүй. Өнөөдөр жинхэнэ харанхуй бүдүүлэг орчин малчдын маань дунд үүсч байна даа. Энэ чинь зах зээлд шилжсэнийх биш, удирдлага зохион байгуулалт хангалтгүй байгаагийнх.