2018 Нийтийн удирдлага тогтвортой хөгжил


0:00
/

pdf унших - 2018 Нийтийн удирдлага тогтвортой хөгжил

Төрийн албан хаагчийн ширээний номыг та бүхэнд хүндэтгэлтэйгээр хүргэж байна. Энэхүү ном МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн багш нарын төрийн албан хаагчдад зориулсан цуврал номын 3 дахь хамтын бүтээл юм. ХБНГУ-ын Конрад Аденаурын сангийн дэмжлэгтэйгээр энэхүү бүтээлийг толилуулж байна. Төрийн албан хаагчийн ширээний ном төрийн албан хаагчид, энэ чиглэлээр суралцаж буй докторант, магистрант, оюутан болон судалгаа хийж буй уншигчдад зориулав. Бүтээлийн нэрийг “Төрийн албан хаагчийн ширээний ном” хэмээн нэрлэсэн нь төрийн байгууллага, төрийн албан хаагчийн чадвар, мэдлэгийн менежментийн эрэлт хэрэгцээ, өөрчлөлт шинэчлэлийн шаардлагыг өдөр тутамд хэрэгжүүлэх шаардлагатайг илэрхийлсэн явдал бөгөөд бидний гаргасан анхны бүтээл Монгол Улсын төрийн албан хаагчдаас сайшаал, талархал хүлээж байгаа тул энэхүү бүтээлээ цуврал бүтээл болгон толилуулж байхаар шийдсэндээ туйлын баяртай байна. Монгол Улсад тогтвортой хөгжлийн бодлого, үндэсний хөгжлийн стратегийг төгөлдөржүүлэх зорилтын хүрээнд олборлох үйлдвэрийн ашиг орлого, иргэдийн оролцоонд түшиглэсэн нийгмийн баримжаатай, тулхтай хөгжлийг цогцлоох боломжийг олгосон институцийн болон бодлогын зохистой тогтолцоог бүрдүүлэхэд дэмжин ажиллахыг зорьж буй өнөө үед хөгжлийг сайн засаглал, түүнд нийцсэн удирдлага, сайн зохицуулалт, мэдлэгтэй төрийн албан хаагчгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Иргэдэд чиглэсэн, чанартай, тогтвортой өсөлт нь олон хүчин зүйлсээс хамаардаг. НҮБ-аас дэвшүүлсэн 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ) нь цогц арга хэмжээ бөгөөд өсөлтийн чанарыг өөр хоорондоо уялдаа бүхий зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтээр илэрхийлсэн. Мэдээжийн хэрэг ТХЗ нь салбар дамнасан, талуудын оролцоог хангах хандлагад суурилсан. Гэхдээ энд Төр, түүний институцийн үүрэг шийдвэрлэх үүрэгтэй хэвээр байна. Төр нь үр нөлөөтэй, ардчилсан, хууль дээдлэх ёсыг чанд мөрддөг байсан нөхцөлд л иргэдийнхээ эрх чөлөө, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг тогтмол хангаж чадна. НҮБ-ын тогтвортой хөгжлийн 16 дахь зорилтод төрийн байгууллагуудын үр ашигтай ажиллагаа нь нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн урьдач нөхцөл хэмээн тунхагласан нь тохиолдлын хэрэг биш юм. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн амжилтын гол түлхүүр хүчин зүйл нь үндсэн хуулийн зарчмаар ажилладаг, төрийн үр дүнтэй аппарат юм. Төрийн захиргаа нь найдвартай бус, иргэд болон компаниудын ашиг сонирхлыг ашгийг хүлээн зөвшөөрч аливаа шийдвэр гаргахдаа харгалзан үздэггүй бол компаниудад хөрөнгө оруулалт хийх хүсэл төрөхгүй, цаашлаад иргэдийн сайн сайхан амьдралыг хангаж чадахгүй. Төрийн албаны ажлын гүйцэтгэлд олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүний дотроос хүний хүчин зүйл хамгийн чухал нь байдаг. Төрийн байгууллагад ажиллагсад нь иргэдэд үйлчлэх үүргээ үр нөлөөтэй биелүүлж чадахгүй бол хөрөнгө мөнгө, мэдээллийн технологи, дүрэм журам, бүтцийн зохицуулалт байгаад ч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй. Иймд төрийн албыг тогтвортой болгох чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаад нь Монгол Улсад баяр хүргэж байна. Төрийн албаны тухай шинэ хуулийг баталж, уг хуулийг амьдралд мөрдүүлэх чиглэлээр олон чухал арга хэмжээ авч байна. Гурван долоо хоногийн өмнө УИХ-ын төлөөлөгчид Германы төрийн албаны талаар туршлага судлахаар Шпайер хотноо ажилласан. Төрийн албаны тухай хуулийн 7.1.2 дугаар зүйлд төрийн албыг мэргэшсэн байлгахыг онцлон тэмдэглэжээ. Төрийн албыг мэргэшүүлэхэд чухал шаардлагатай тулгуур багануудын талаар зарим зүйлийг би илтгэлдээ хөндөж байна. Үүнд:

  • Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх сургалт
  • Мэргэжлийн сонгон шалгаруулах, хүний нөөцийн хөгжил, албан тушаал дэвшүүлэх ажиллагаа
  • Мэргэшсэн төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа