pdf унших - 2018 СЭТГҮҮЛ ТӨРИЙН БАЙГУУЛАЛ
“Төрийн байгуулал судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийн анхны дугаарын уншигч Танд тус сэтгүүлийн редакцийн зөвлөлөөс мэндчилгээ дэвшүүлье. МУИС-ийн Улс төр судлалын тэнхим ба Монгол Улс дахь ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тус эрдэм шинжилгээний сэтгүүлийг нийгэм, улс төр судлал, төрийн захиргаа, удирдлагын салбарын өргөн хүрээг хамарсан эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн бүхий өгүүлэл, нийтлэлийг хэвлэн нийтлэх зорилготойгоор хамтран эрхлэн гаргаж байна. “Төрийн байгуулал судлал” сэтгүүлийн энэхүү анхны дугаарт орсон өгүүллүүд нь тухайн зохиогчид судалгааны мэргэшсэн чиглэлийнхээ хүрээнд бүтээсэн эрдмийн ажлын үр дүнгийн тодорхой илэрхийлэл болохыг онцолж байна. Төрийн засаглал, улс төрийн засаглал, улс төрийн нам, гүйцэтгэх эрх мэдэл, төрийн хяналт, орон нутгийн засаглал, иргэний оролцоо, төрийн алба, парламентат ёсны талаарх тэдгээр өгүүллүүд нь өнөө цагийн улс төр судлал, төрийн захиргаа, төрийн удирдлагын судалгааны болон практик зарим чухал асуудлуудыг хөндсөн бөгөөд тухайн зохиогчдынхоо үзэл бодол, итгэл үнэмшил, судалгааны сонирхол- чиглэл, үр дүнг илэрхийлсэн гэдгийг тунгаан үзвэл зохилтой. Хэдий тийм боловч судалгааны өгүүлэл бүр эрдэмтэн судлаачдын багагүй хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан ажил байдаг тул нийгэм, улс төр, төрийн удирдлагын шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.
Үндсэн хуульт ёсны мөн чанар, утга учир нь Үндсэн хуулийг ёс болгон сахин хэрэгжүүлэх, түүний амин чухал үзэл санаа, зарчим, үзэл баримтлалыг сайтар танин мэдэж ойлгох, үүний тулд тэрхүү үзэл санааны гол түлхүүр ойлголтуудыг шинжлэх ухааны үүднээс, олон талаас нь судлан үзэх явдал улам бүр чухлаар тавигдаж байна. Энэхүү өгүүлэлд Монгол Улсын Үндсэн хуульд тунхаглагдсан төрийн үйл ажиллагааны “шударга ёс”- ны зарчимтай холбогдуулан шударга ёсны ойлголтын талаарх Үндсэн хуульт ёсны агуулга, мөн чанар, ач холбогдол, түүнчлэн төрийн байгууллагын шударга байдлын талаар улс төрийн сэтгэлгээний зарим чухал үзэл санаа, ололтыг хөндөн авч үзлээ. Ингэхдээ эдгээр ойлголтын агуулгын талаарх дотоод, гадаадын зарим эрдэмтэн, судлаачдын судалгааны бүтээл, үр дүн, дүгнэлтийг харьцуулан авч үзэж, төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ, хэмжүүрийн талаарх зарим харьцуулсан болон нэгтгэсэн дүгнэлтийг товч авч үзлээ. Түүнчлэн, шударга байдлын талаарх олон улсын зарим судалгааны практик туршлагыг товч илэрхийлсэн болно.
Түлхүүр үг: шударга ёс, шударга байдал, төрийн байгууллагын шударга байдал, төрийн үйлчилгээ
ШУДАРГА ЁС, ШУДАРГА БАЙДАЛ
Үндсэн хууль ба шударга ёсны зарчмын асуудлыг хөндөхийн өмнө өмнөтгөл болгон Монголын нийгэм, ус төрийн сэтгэлгээний түүхийн үүднээс улс орны хөгжил дэвшлийг төр засагтай холбон авч үзсэн чухал санааг авч үзье. Монголын XX зууны эхэн үеийн нийгэм-улс төрийн томоохон сэтгэгчдийн нэг болох Ч.Дандаа 1922 онд бичсэн “Шинэ засгийн гол ёс” гэдэг зохиолдоо “элдэв улсын мандах мөхөх нь гадаадын туслах хорлоход үгүй, харин дотоод засгийн ариун тодорхойд буй”2 гэсэн байдаг. Энэ нь улс орны хөгжил дэвшил, сайн сайхан байдлын эх сурвалж төр засгийн шударга ариун, ёс зарчим нь улсын дотоод хүчин зүйлсээс хамаардаг гэж үзсэн нь чухал ач холбогдолтой санаа юм. Төрийн үйл ажиллагаанд удирдлага болгох нэг үндсэн зарчим бол Үндсэн хуулинд тунхаглагдсан шударга ёсны зарчим. Хэдийгээр шударга ёс хэмээх нь өргөн утгаараа ёс суртахуун, улс төр, эрх зүйн шинжтэй асуудал боловч төрийн байгууллагын шударга байдлыг авч үзэх суурь ухагдахуун нь үндсэн хуулийн дээрх зарчим юм. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”3 хэмээн тунхагласан байдаг. Энэхүү зарчмын хүрээнд илэрхийлэгдэж буй шударга ёс хэмээх ойлголт нь зөвийг эрхэмлэн дээдэлж, энэрэн хайрлаж, хөхүүлэн дэмжих, бурууг жигшин зэвүүцэж, зэмлэн цээрлүүлэх талаар хүн төрөлхтний харилцаанд тогтсон үнэт зүйлүүдийн нэг4 болохыг хууль зүйн ухааны эрдэмтэд тайлбарласан байна. Гэхдээ энэ тайлбар нь зөвхөн эрх зүйн шинжлэх ухааны хүрээнд хамаарах дүгнэлт биш болов уу. Учир нь тус ойлголт нь эрх зүйн агуулгаас гадна философи, улс төр судлал зэрэг нийгмийн сэтгэлгээний өргөн хүрээг хамарсан ухагдахуун юм.