2018 Төрийн байгууллагын бүтээмж


0:00
/

pdf унших - 2018 төрийн байгууллагын бүтээмж

Байгаль экологид халгүй орчин үеийн техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудлыг илүүтэй анхаарч, хүний хөгжил, ард иргэдийн амьдралын чанарын үзүүлэлтийг сайжруулах асуудлыг төрийн бодлогынхоо тэргүүн зэргийн зорилгоо болгож ирсэн улс орнууд л тогтвортой, түргэн хөгжиж буй болохыг дэлхий дахины туршлага нэгэнтэй харуулж байгаа билээ. Үүний тулд нийгмийн хөгжилд төрийн гүйцэтгэх үүрэг, оролцооны асуудлыг цоо шинээр авч үзэж зохицуулалтын илүү уян хатан арга хэлбэрийг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл “төрийн бүтээмж” “төрийн бүтээмжийн удирдлага” гэсэн цоо шинэ ойлголт, ухагдахуун бий болов. Бүтээмж нь хөрөнгө оруулалтын өгөөжийг тодорхойлогч хүчин зүйл төдийгүй эдийн засгийн нийт өсөлтийн чанарыг илэрхийлдэг. Үүнээс үндэслээд улс үндэстний хөгжилд төрийн байгууллага, институтүүдийн оруулж буй хувь нэмэр, үүрэг оролцоог тооцож тодорхойлох зайлшгүй хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж ирлээ. 1992 онд батлагдсан Монгол улсын анхны ардчилсан үндсэн хуульд хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах асуудлыг эрхэм зорилго болгон дэвшүүлж шударга ёс, тэгш эрх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь “Монгол төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн тунхагласан. Төрийн үйл ажиллагааны энэхүү үндсэн зарчмыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, салбар нэгж бүр үр бүтээмжтэй байж үйл ажиллагаандаа төрийн бүтээмжийн орчин үеийн арга хандлагыг бүтээлчээр хэрэгжүүлж дэлхийн хийгээд бүс нутгийн түвшинд өрсөлдөх чадвартай болох, төрийн албыг цомхон бүтээлч, мэргэжлийн болгон бэхжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Монгол улсад төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулийг хэрэгжүүлж эхэлснээр төрийн захиргааны байгууллагын үр дүн, үр ашгийг дээшлүүлэх шинэ үзэл баримтлал бий болсон хэдий ч түүний хэрэгжилт төсөөлсөн үр дүндээ хүрч чадахгүй байна. Энэ нөхцөлд төрийн захиргааны салбарт бүтээмжийг дээшлүүлэхийн тулд гүйцэтгэлийг нарийвчлан тооцох, түүнд шаардлагатай үзүүлэлтийг зөв тогтоохоос эхлээд олон арга ажиллагааг ашиглах чадвар эзэмших шаардлага урган гарч байна.

  • Төрийн бүтээмжийн тухай ойлголттой болох
  • Төрийн үүргийг олон үзэл санааны үндсэн дээр танин мэдэх
  • Төрийн бүтээмжийн олон талт асуудлуудыг танин мэдэх
  • Төрийн байгууллагын гарцын талаарх үзэл, хандлагуудыг судлах
  • Төрийн бүтээмжийг төрийн захиргаа, менежмент, эдийн засгийн онолын талаас нь тайлбарлаж буй үзэл, хандлагатай танилцах
  • Улс орнуудад төрийн бүтээмжийн хөдөлгөөний гүйцэтгэсэн үүргэг, ач холбогдлыг ойлгох

 

Төрийн бүтээмжийн асуудал Төрийн байгууллагын бүтээмжийн талаарх ойлголт онолын үндсэн хоёр чиглэлтэй. • Эхний чиглэл нь агентлагийн түвшинд орц-гарц (о\г)-ын харьцааг голчлон, агентлагийн үр нөлөөг цухас анхаардаг. • Хоёр дахь чиглэл нь үр ашгийн үзүүлэлтээс агентлагийн үр нөлөөг илүү чухалчилдаг. Төрийн байгууллага болон салбарын орц, гарцад анхаарал хандуулах нь эдийн засаг, үр ашгийг дээшлүүлэх эерэг нөлөөллийг бий болгож буй ч жирийн ард иргэд, хэрэглэгчид, татвар төлөгчдөд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ, түүний чанар хүртээмж илүү ач холбогдолтой гэж үзэх болсон. Төрийн байгууллагын хувьд орц (зардал), гарц (гүйцэтгэсэн ажил), үр дүн (хүрсэн түвшин) буюу орц-гарцын орчил эргэлтийг анхаарах нь зайлшгүй чухал. Буркс: “Төрийн үйл ажиллагааны үр ашгийн стандарт нь ард иргэд, нийгмийн төлөө хийх үйл ажиллагаатай уялдан орц (гарсан зардал)-оос гарц (хүрсэн үр дүн) хүртэлх үе шатууд нь шулуун шугамаар буюу тасалдахгүйгээр үргэлжлэх зүй тогтолтой ” гэжээ. Энэхүү дэвшүүлсэн онолоос үндэслэн нэг талаас, орц-гарцыг илүүтэй анхаарсан ажлын гүйцэтгэл, хүрсэн түвшинтээр нь авч үзэх (үр дүнд суурилсан) хандлагыг анхдагч, нөгөө талаас агентлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хоёрдогч гэж үзсэнээр эцсийн үр дүнг голчлон анхаарах (үр нөлөөнд суурилсан) хандлага өөр хоорондоо салшгүй холбоотой. Үр нөлөөнд суурилсан бүтээмжийн хандлагад гарсан арга зүйн томоохон хувьсал нь “үр дүнг”-ийн үзүүлэлтээс “үр ашиг”-ийг хэмжих нэгж рүү шилжсэн явдал юм. Ридли ажлын үр дүн ба түүний агентлагтай уялдах харьцааг тодорхойлох байр суурийг баримтлан “үр дүн“ гэсэн үзэл баримтлал нь эцсийн гүйцэтгэлийн цаад шалтгааныг тодруулах зорилгогүй.Тийм учраас “үр дүн“ гэсэн ойлголтыг шууд “үр ашиг“ гэж үзэж болохгүй гэсэн. Тэрээр “төрийн захиргааны ажлыг зөвхөн үр дүнгээр нь үнэлж зардлыг үл тооцох нь шударга бус“ хэмээн үр ашигт хүрэх асуудлыг чухалчилсан.Ингэж ажлын ачаалал, гарцыг зөвхөн үр дүнг хэмжигч үзүүлэлт гэж үзэн хэмжигдэхүүн нь арга техник, гүйцэтгэлд бус харин үр дүнд үндэслэх ёстой хэмээн үзэж байсан нь төрийн бүтээмжийн тухай онолд томоохон хувь нэмэр оруулсан гэж судлаачид үздэг. Иргэд, хууль тогтоогчид, төрийн албан хаагчид бүтээмжийг илэрхийлэх хэмжигдэхүүнийг өөр өөрөөр тайлбарладаг. Тухайлбал:

  • Иргэд засгийн газрын агентлагуудын үр дүнг үнэлгээний гол хэмжүүр болгодог
  • Хууль тогтоогчид агентлагийн ажлын гүйцэтгэл, батлагдсан төсвийн гүйцэтгэлийг чухалчилдаг
  • Төрийн албан хаагчид засгийн газрын зорилтуудыг биелүүлэх нь чухал гэж үздэг.

Төрийн байгууллагын үр ашгийг хэмжихдээ “байгаа нөөц”-өөр хүрсэн бодит түвшнийг уг нөөцийг ашиглан хүрч болох хамгийн их үр нөлөөнд харьцуулж тодорхойлох нь элбэг.1 Гарцыг хэмжих хэмжигдэхүүн нь хэдий хэмжээний ажил хийснийг тоон хэмжигдэхүүн талаас тодорхойлдог боловч ажлыг хир зэрэг сайн гүйцэтгэсэн (чанар), тухайн гүйцэтгэсэн ажил нь хүссэн үр дүндээ хүрэхэд оновчтой байсан эсэхийг тодорхойлдоггүй. Ридли, Саймон нар “Хүчин чармайлт буюу гүйцэтгэлийн үр дүнгийн хэмжигдэхүүн нь тавьсан зорилгод хүрэхэд гаргасан хүчин чармайлт буюу гүйцэтгэлийн үр нөлөөг илтгэнэ” хэмээн үзэж доорх системчилсэн гинжин урвал байдлаар томьёолсон байна.