2019 Ардчилсан Монголын түүх


0:00
/

pdf унших - 2019 АРДЧИЛСАН МОНГОЛЫН ТҮҮХ

Монголчууд Цагаан морин жилийн дуудлагаар босч, өвлийн идэр есийн хүйтнийг үл ажран, нэг намын дарангуйллыг тасдан хаяж, Монгол улсад ардчиллын салхийг татуулж билээ. Энэ бол Монгол орон нэг намын дарангуйллаас ангижирч, ардчилал, хүний эрхийг дээдэлсэн, олон намын тогтолцоо бүхий, хүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах их үйл хэргийн эхлэл байсан юм. Энэ бол Монгол орон харь гүрний эрхшээлээс гарч, утопи шинжтэй анги, нийгмээр ялгаварлан гадуурхсан коммунист үзэл суртлаас ангижран салж, үндэс, угсаа, уламжлал, эх түүх, соёлоо сэргээн өвлөн авч хөгжүүлэхийн төлөөх үндэсний агуулгатай хувьсгал байлаа. Улс үндэснийхээ төлөө аливаа шийдвэрийг Монголдоо боловсруулан гаргаж, өөрсдөө хариуцлагаа үүрэх эхлэл тавигдсан он жилүүд байв. Эдүгээ монгол хүн бүр 1990 оны үндэсний ардчилсан хувьсгалын үр шимийг хүртэж байна. Ардчилсан хувьсгалын үр дүнг хүртээгүй хүүхэд, залуучууд, идэр насныхан, настан буурал, коммунист, ардчилсан намын гишүүн, гишүүн бус нэгээхэн бээр үгүй юм. Харин бидэнд өмчтэй байх, эрх чөлөөтэй болох, эзэн Чингис, эх түүхээрээ бахархах, үндэсний үнэт зүйлсээ таньж мэдэх, эрхэмлэх, дээдлэх, хүсч санаж бодсоноо хэрэгжүүлэх боломжийг бий болгосон тэрхүү агуу зүйлийнхээ талаар нэг ч болов бодож байсан билүү хэмээн өнөөдөр асуумаар байна. Энэ бол дөнгөж саяхны мэт санагдах монголчууд бидний нэн шинэхэн үеийн түүх билээ. “Өнгөрсөн түүхээ мэдэхгүй хүнд түүнийг давтах тавилан зайлшгүй тохиодог” хэмээн Жорж Сантаяана айлдсан удаатай. Өвөг дээдэс маань биднийг “гишгээд мөрөө харж яв” хэмээн сургасан билээ. Иймээс Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан “АРДЧИЛСАН МОНГОЛЫН ТҮҮХ” номыг ардчилсан хувьсгалыг санаачлан зохион байгуулагчдын нэг, “Ардчилал” сонины анхны эрхлэгч, сэтгүүлч Сүхбаатарын Амарсанаатай хамтран туурвисан нь ардчилал, зах зээл рүү шилжилт хийж буй 30 жилд манай орны туулсан зам, ололт амжилт, алдаа оноог аль болох бодитойгоор толилуулах боломж өгсөн болно. Энэ ном манай шинэ үеийн залуучууд, хүүхэд багачуудад нэн шинэ түүхийн мэдлэгээ дээшлүүлэхэд хувь нэмэр болж, улс орныхоо хөгжилд тулгарч буй саад бэрхшээлүүдийг даван туулах арга замын талаар хэрэг болохуйц мэдээлэл болон шинэ санаа өгнө гэдэгт итгэж найдаж байна. Монголын ирээдүй болсон хүүхэд, өсвөр, залуу үеийнхэндээ 1990 оны Ардчилсан хувьсгал, түүний мөн чанар, сүүлийн гучин жилийн түүхийн үнэн мөнийг таниулах зорилгоор бүтээж буй эл номыг ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр хүргэх болсондоо туйлын таатай байна. Монголын ирээдүй болсон охид хөвгүүдийн оюуны ам нээгдэхэд дуслын төдий хувь нэмэр болоосой хэмээн туйлаас хүсч байна.

Монголд Ардчилсан хувьсгал эхэлсэн 1989 оны арванхоёрдугаар сар гэхэд 70 гаруй жил оршин тогтносон социалист систем улс төр, ёс суртахуун, эдийн засаг зэрэг нийгмийн бүх салбартаа мухардалд орсон байлаа. Социалист системийн тэргүүлэгч гүрэн болох ЗХУ-ын нам, төрийн тэргүүнээр 1985 онд томилогдсон М.С.Горбачев үүнийг хүлээн зөвшөөрч нөхцөл байдлыг аврах зорилгоор "перестройка" буюу “өөрчлөн байгуулалт” нэртэй бодлого зарласан юм. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх 1987 оны долоодугаар сард хуралдсан МҮЭ-ийн XIII их хурал дээр “өөрчлөн байгуулалтыг” дотоод, гадаад бодлогынхоо үндсэн чиг шугамаа болгоно гэж зарлаад хоёрдахь жилээ үдэх гэж байлаа. ЗХУ-д эдийн засаг болон улс төрийн тогтолцоондоо шинэчлэл хийх оролдлого үүнээс өмнө ч гарч байжээ. Тухайлбал, 1982 онд тус улсын нам, төрийн тэргүүнээр томилогдсон Ю.Б.Андропов авлигатай тэмцэх, хөдөлмөрийн сахилга батыг чангатгах замаар зогсонги байдалд орчихсон эдийн засгийнхаа үр ашгийг сайжруулах, тогтолцоондоо шинэтгэл хийхийг оролдсон боловч зорьсон үр дүндээ хүрээгүй байна. Улс төрийн салбарт энэ тогтолцоо цорын ганц марксист-ленинист үзэл суртлыг туйлын үнэн хэмээн номлож, өөр үзэл бодолтой, чөлөөтэй сэтгэдэг, түүнийгээ илэрхийлсэн иргэдээ егүүтгэх, шорон гянданд хийх, үй олноор нь хорих лагерьт хорьж боолын хөдөлмөрт зарах, нутаг зааж цөлөх зэргээр хатуу ширүүнээр залхаан цээрлүүлж, эл бүх үйлдлээ үзэл суртлын төмөр хөшгөөр нуун далдлахыг оролдсоор өдий хүрчээ. Соёл, урлаг, утга зохиол болон нийгмийн шинжлэх ухааны бүх салбарт зөвхөн энэ үзэл суртлыг магтан дуулахыг шаарддаг тул чөлөөтэй сэтгэж туурвих боломж хаалттай байв. “Капитализм сөнөх тавилантай, социализм ялах ирээдүйтэй” гэсэн үзэл санаа, ухуулга яриаг их, дээд сургуулийн хичээл, олон нийтийн сурталчилгаанд ямагт номлож байв. Гэтэл үүнд нь алхам алхмаар эргэлзэгчид олноор төрж байлаа. “Гагцхүү энэ тухай ил ярих аргагүй байв”1 хэмээн МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батхишиг хожим дурсан бичжээ. Тухайн үеийн намын тогтолцоо хэрхэн ажиллаж байсан талаар дээд сургуулийн намын хорооны дарга өгүүлэхдээ: “Тэр үед манай сургуулийн намын хороог Сүхбаатарын районы намын хороо, Улаанбаатар хотын намын хороо шууд удирдана, дээр нь бас Намын Төв Хорооны холбогдох хэлтсүүд бас үүрэг даалгавар өгдөг байв.