2020 Нээлттэй улс төр


0:00
/

pdf унших - 2020 Нээлттэй улс төр

Дундад зуунаас капитализмд шилжих явцад иргэний нийгэм бүрэлдэж, хүмүүс төр, нийгмийн ялгааг ухамсарлаж эхэлжээ. Иргэний нийгмийн үзэл санаа нь улс төрийн сэтгэлгээний уламжлалд оршдог. XVII зуунд Голландад үүссэн анхны капитализмын эрхийн үзэл баримтлал нь Гуго Гроций, Барух Спиноза нарын үндэслэсэн хүний байгалийн жам ёсны эрхийн тухай үзэл юм. Энэ онолын гол таамаглал нь тэгш байдал бол хүмүүсийн байгалийн бодит нөхцөл байдал юм. Хүн төрөлхтөн байгалиас тэгш эрхтэй төрсөн. Тэгш эрх нь эрх чөлөөг агуулдаг тул хувь хүн бүр энэ эрх чөлөөг эдлэх эрхтэй. Энэхүү байгалийн тэгш байдал нь бие махбодийн болон сэтгэцийн чадварын тэгш бус байдалтай бүрэн нийцдэг гэж үздэг. Феодаль эздийн харьяалалд байсан, эрх чөлөөгүй хамжлагат албатуудын оронд, капиталист үйлдвэржилтийн явцад хотуудад хөлсний хөдөлмөр эрхэлсэн ажилчин анги үүссэн байна. Хэн нэгэн газрын эзэн, эсвэл угсаа залгамжилсан сурвалжит язгууртнаас хараат бус, өөрөө өөртөө эзэн болсон эрх чөлөөт хөлсний хөдөлмөр эрхлэгч хүмүүсийг Францын 1789 оны их хувьсгалаар гарсан “Хүний ба иргэний эрхийн тунхаг”-аас хойш улсын, эсвэл хотын иргэн хэмээн нэрлэж, албан ёсны иргэний байр суурийг бий болгожээ. Өчүүхэн бага хөлсөөр хөдөлмөрлөж амьдардаг эдгээр “ажилчин анги” эрхээ эдэлж чаддаггүй нь тэдний хэт ядуу байсантай холбоотой юм. Гэвч тэд эрхийнхээ төлөө тэмцэх оюун санааны нэгдлийг бий болгож эхэлсэн ч энэ нь коммунизмын зэрэглээг бий болгох үндэс болжээ. Тухайн үед харьцангуй цөөн боловч дунд ангид тооцогдох сэхээтнүүд болон жижиг бизнес эрхлэгчдийн эрх ашиг, сонирхлын жижиг нэгдлүүд үүсэж, төрд шаардлага тавих болсноор иргэний нийгмийн бие даасан хүрээнүүд бүрэлдсэн ажээ. Жон Локкийн зөвхөн иргэдийн ухамсартай сонголтод үндэслэсэн нийгмийн хэлэлцээрээр хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхт хүчин л төрийн эрхийг барих ёстой гэсэн үзэл санаа нь иргэний нийгмийн оюун санааны үндэс болжээ.

ИРГЭНИЙ НИЙГЭМ ГЭЖ ЮУ ВЭ? (ОНОЛЫН ТОДОРХОЙЛОЛТУУД) Иргэний нийгмийн үзэл баримтлал нь нийгмийн янз бүрийн бүлгүүдийн ашиг сонирхлыг илэрхийлсэн олон утгыг агуулдаг ч олонх эрдэмтэн судлаачид энэ нь ардчиллын үндсэн тулгуур гэж үздэг байна. Иргэний нийгэм гэдэг нь төр, улс төр, хувийн болон эдийн засгийн салбараас ялгаатай, хүмүүсийн сайн дурын үйл ажиллагааны хүрээ бөгөөд амьдрал дээр хүмүүсийн эдгээр харилцааны хил хязгаарыг тогтоох боломжгүй юм. Томас Гоббс зөвхөн төр л хувь хүний аюулгүй байдал, тайван амьдралын баталгаа болж чадна. Төр хүчтэй байснаар иргэний нийгэм цэцэглэн хөгжих боломжтой гэсэн санааг илэрхийлжээ. XVIII зууны хоёрдугаар хагаст иргэний нийгмийн тухай ойлголтыг үзэл баримтлалд оруулах томоохон өөрчлөлтийг Адам Фергюсон, Томас Пейн нарын олон сэтгэгчид хийсэн байна. А.Фергюсон хүн бүдүүлэг, энгийн байдлаас гарахын тулд дүрэм, ёс заншилд захирагдаж сурдаг. Иргэний нийгэм бол соёл иргэншлийн боловсронгуй хэлбэр мөн. ...соёлтой нийгэмд зиндаа зэрэглэл буюу иерархи шатлал, мэргэжлийн ялгаа, хөдөлмөрийн хуваарь нь ур чадварыг дээшлүүлж, худалдаа, үйлдвэрлэлийг ахиулахад хүргэсэн. Үүний үр дүнд “баялгийн эх үүсвэр нээгдэж”, иргэний болон арилжаа, урлагийн хамгийн төгс төгөлдөр байдал цэцэглэн хөгжих боломжтой юм гэж үзэж байв. Энэ үед иргэний нийгмийн үзэл баримтлалыг аажмаар боловсруулж, түүнийг төрөөс ялгаж, иргэний нийгмийг өөрийн хэлбэр, зарчимтай болгосон. Энэ үеэс эхлэн иргэний нийгмийг зөвхөн төр рүү чиглэсэн төдийгүй төрийн эрх мэдлийг хязгаарлах (заримдаа бүр эсрэг зүйл) үүрэг гүйцэтгэхэд чиглүүлэх болсон. Жон Локк иргэний нийгмийг төрөөс тусдаа, бие даасан байгууллага бөгөөд хувь хүн, тэр дундаа хувь хүний эрх, өмч хөрөнгийг төрийн дур мэдэн хөндлөнгөөс оролцох явдлаас хамгаалах үүрэгтэй гэжээ (Merkel and Lauth 1998, 4; Schade 2002, 10). Ш.Монтескье “Төрийн эрх мэдэл ба иргэний нийгмийн хоорондын тэнцвэрт байдлыг онцолж, төрийн эрх мэдэл, хууль ёс нь иргэний нийгмийн хүч чадлаар хязгаарлагдах ёстой” гэж үзэж байжээ (Merkel and Lauth 1998, 5). Алексис де Токвиль “Америк дахь ардчилал” бүтээлдээ иргэний нийгэм бол ардчилсан сэтгэлгээ, хандлага, зан төлөв (хүлээцтэй байх, шударга ёс, итгэлцэл гэх мэт)-ийг хувь хүн бусад иргэн бүрээс сурч мэддэг ардчиллын сургууль бөгөөд тухайн нийгэмд төр, засаглалын монополь хүчирхийллийн олон хүчин зүйлээс хувь хүний эрх ашгийг хамгаалахыг зорьсон байдаг гэсэн санааг илэрхийлжээ. Ф.Гегель “Иргэний нийгэм бол гэр бүл, төрийн зохицол мөн. Ийм нийгэм нь хувийн өмч, социал ялгарал, сонирхлын олон янз байдал, бүлэг болон хувь хүмүүсийн харилцан үйлдэлд үндэслэгддэг. Уг нийгэм дотроо зөрчилдөөнтэй, олон ургалч, энэ нийгэмд эрх чөлөөт хүн бүр өөрийн зорилготой, бусад нь түүний хувьд юу ч биш. Сонирхлын олон янз байдлыг зохицуулахын тулд төрд бүх нийтийн сонирхлыг илэрхийлж шийдвэр гаргах чадвартай дээд шүүгч /арбитр/ хэрэгтэй. Нийгэм зөвхөн төрийн удирдлагын хүчинд л “иргэний” байж чадна” гэжээ. Юрген Хабермасын “коммуникацийн үйл ажиллагааны онол”-д улс төрийн шийдвэрүүдийн хууль ёсны байдал нь зөвшилцлийн нээлттэй харилцаа, өөрөөр хэлбэл иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, тэдний шударга мэтгэлцээнээр хангагддаг гэж үздэг. ИРГЭНИЙ НИЙГМИЙН МӨН ЧАНАР Адам Смит эдийн засгийн талаас нь хувь хүний мөн чанарыг тодорхойлсон. Тэрээр хувь хүн өөртөө анхаарал тавьдаг, биеэ даасан, ашиг тустай, ашиг орлого сайтай, өрсөлдөх чадвартай байхыг хүсдэг. Хүн бүр өөртөө бусдаас илүү санаа тавьдаг. Хүний өөрийгөө хамгаалах байгалийн зөн совин, оюун санааны эхний ажил бол бие махбодийн аюулгүй байдал, тааламжтай орчин, түүнийг бий болгох хийж бүтээх хүсэл эрмэлзэл юм. Хувь хүний хүсэл эрмэлзлийн анхны даалгавар нь өөрийнх нь зөн совин, өгөөмөр сэтгэлээс бус гадны хүчин зүйлсээс маш их хамааралтай байдаг. Тиймээс тэрээр үүнд хүрэхийн тулд нийгмийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт мөнхөд оршихуйг хүсдэг. Энэ нөхцөлд хувь хүн ихэнхдээ сайхан нийгмийн тухай утопи мөрөөдлөөс илүү бодит орчинтойгоо харьцаж, түүнийг сайжруулах зорилгоор бусадтай эвлэлдэн нэгдэж эхэлснээр янз бүрийн сонирхол бүхий иргэний нийгмийн бие даасан хүрээнүүд үүсдэг байна. Эндээс нийгмийн соёл, гэр бүл, ёс суртахуун, ёс заншил, билэг тэмдэг, бүх нийтийн бодит эрх чөлөөний асуудлаар дамжуулан хүмүүс нийгэм, эдийн засгийн асуудлаа өөрсдөө зохицуулах, эсвэл төрд шаардлага тавьдаг ажээ. Хүний нийгмийн үндсэн таван бүрэлдэхүүн хэсэг байдаг. Энэ нь: хүн ам, соёл, материаллаг бүтээгдэхүүн, нийгмийн зохион байгуулалт, нийгмийн институц юм. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь нийгмийн өөрчлөлтийн обьектив хүчин зүйлс бөгөөд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо нь обьектив буюу тухайлбал, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд улс төрийн засаглал, төрийн захиргааны шийдвэр, хэрэгжилтийг илүү бодитой, оновчтой болгоход иргэний нийгмийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. ТББ бол орон нутгийн, үндэсний болон олон улсын түвшинд байгуулагддаг ашгийн бус, иргэдийн сайн дурын зохион байгууламж бүхий, институцжиж буй бүлэг юм. Иргэний нийгмийн байгууллагууд (ТББ) нь засгийн газрын төсвийг бүрдүүлэх, хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар олон нийтийн хэлэлцүүлгийг нэмэгдүүлэх, төрийн орлого, зардлын ил тод байдлыг дэмжихэд хувь нэмэр оруулж, хөгжиж буй орнуудын ил тод байдал, сайн засаглалыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж чадна. Тиймээс иргэний нийгмийн зохион байгуулах чадварыг сайжруулах, ялангуяа ахиц бүлгүүд өөрсдийн ашиг сонирхлыг илэрхийлэх хэрэгсэл болгох шаардлагатай байдаг.