ЗАХИРГААНЫ ШИНЖЛЭХ УХААНЫ НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ


0:00
/

PDF НЭЭЖ УНШИХ

Захиргааны шинжлэх ухаан нь нийгэм, улс төрийн хөгжлийн тодорхой
шатанд Улс төр судлал, Эрх зүйн ухаанаас салбарлан гарч олон шинжлэх ухааны
уулзвар дээр интеграл шинжлэх ухаан болж хөгжсөнийг харгалзан зохиогчдын
багийн бүрэлдэхүүнд төрийн удирдлага, философи, сэтгэл судлал, түүх, эдийн
засаг, улс төр, хууль эрх зүй, менежмент, санхүү зэрэг шинжлэх ухаанаар
мэргэшсэн судлаач эрдэмтдийн баг ажиллуулсан юм. Тус бүтээлийн зөвлөхөөр
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын
академи, Монгол Улсын Их сургуулийн эрдэмтэн судлаачид ажиллалаа. Зөвлөх
багийн зүгээс судлаачдын бие даасан, эрх чөлөөт байдлыг эрхэмлэн үзэж тэдний
хийсэн нэр томьёоны тайлбар, бичвэрээрээ илэрхийлсэн хэлбэр, байр суурь,
сэтгэлгээний онцлог, асуудалд хандсан өнцөг, ялангуяа зарим нэр томьёоны
монгол, англи хэлний оноолтод захиргааны шинжлэх ухааны олон талт хандлага,
олон ургалч үзлийг хүндэтгэх үүднээс нэг талыг барьж туйлшралгүй хандсаныг
зориуд тэмдэглэж байна. Тухайлбал, энэ тольд англи хэлээр “Public” гэх нэг л
үгээр илэрхийлж болох тодотголыг монгол хэлний “Төрийн”, “улсын”, “нийтийн”
гэхчлэн олон янз байдлаар бичсэн нь бий. Энэ нь “захиргаа” хэмээх ойлголтыг
хэрэглэж буй нөхцөл байдал, хам шинж утгаасаа хамаарч харилцан адилгүй
ойлгон хэрэглэж ирсэн түүхэн учир шалтгаантай, дэлхийн улс орнуудын тэр
дундаа баруун европын түүх, соёл, улс төрийн уламжлал, төрийн байгуулал,
дэглэм, өөрчлөлт хөгжил, шинэчлэлийн хүрээнд төрийн оролцоо их эсвэл бага
байсан жам ёсны хөгжлийн үр дүнтэй холбогдож буй нь эргэлзээгүй юм. Иймд
тухайн ойлголт, түүний үндсэн агуулгыг тодотгосон шинжтэй бусад ойлголтуудыг
хам утгаар нь өргөн хүрээнд ойлговол зохилтой юм.