pdf унших - Монгол дахь зардчилал иргэний нийгмийн өнөөгийн байдлын нийгэм-улс төрийн судалгаа
ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын тэнхим хамтран 2017 оноос хойш жил бүр зохион байгуулж буй төрийн бодлогын экспертийн зөвлөлийн арга зүйн нэгдсэн удирдлаганд зохион байгуулдаг ээлжит бодлогын судалгааны нэгдсэн үр дүн, тайланг Уншигч Танд толилуулж байна. “Монгол дахь ардчилал, иргэний нийгмийн өнөөгийн байдлын нийгэмулс төрийн судалгаа” гэсэн судалгааны ерөнхий сэдвийн хүрээнд хийсэн энэ удаагийн бодлогын судалгаа нь нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан судлаач бүрийн санал болгосон судалгааны тодорхой сэдэв ба экспертүүдийн саналын томьёолол зэрэгт тулгуурлан тодорхойлогдсон дэд сэдвүүдийн агуулгаас бүрдэж байгаа бөгөөд дараах тодорхой асуудлуудыг хамарсан судалгааны үр дүнг агуулж байгаа юм. Үүнд:
- Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлагч хүчин зүйлс;
- Олон нийтийн хэвлэл мэдээллийг улс төрөөс хараат бус байлгах нь (хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын жишээн дээр);
- Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам;
- Засаглалын цахим шилжилт: төрийн үйл хэрэг дэх иргэдийн цахим оролцоо; - Монгол Улсын төсвийн хяналт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам;
- Монгол дахь иргэний нийгмийн байгууллагын хөгжил, хандлагын зарим асуудлыг хүний эрх, байгаль орчны төрийн бус байгууллагын жишээн дээр авч үзэх нь;
- Монгол дахь ардчиллын бэхжилт, сорилтын зарим асуудлыг олон улсын харьцуулсан судалгааны үүднээс авч үзэх нь;
Энэ удаагийн бодлогын судалгааны сонгон шалгаруулалтанд шалгарсан судлаачдын хувьд өмнөх жилүүдийнхээс ялгагдах онцлог нь иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын төлөөлөл илүү оролцсон нь судалгааг бүхэлд нь практик талаас нь түлхүү тодруулан авч үзэх шаардлага төрүүлж байгаа бөгөөд судлаачдын ажлын дадлага туршлагын онцлог, судалгааны хэлбэр, боловсруулалтын түвшин, эцсийн гүйцэтгэл, дүгнэлт, дэвшүүлсэн зөвлөмж зэргийн ялгаатай байдал нь судалгааны олон талт боловч зайлшгүй тал бүрээс нь шүүн тунгааж, мэтгэлцэх нөхцөлийг бүрдүүлэх учиртай болж байгааг эрхэм Уншигч Та болгооно уу. Судлаач бүрийн хувийн үзэл бодол, итгэл үнэмшил, судалгааны агуулга, хэлбэр, ач холбогдол, үр нөлөөг үнэлэж үзэх үнэлэмжийнолон талт байдал нь бодлогын судалгааны нэгтгэл ба нэгдсэн зөвлөмж, нэгдмэл бүтэц, хэлбэр ба нэгдсэн дүгнэлт зэрэгт их бага хэмжээгээр нөлөөлөх нь зайлшгүй гэдгийг анхаарч үзвээс талархана. Бодлогын судалгааны нэгдсэн зөвлөмжөөр судалгаа бүрт дэвшүүлсэн зөвлөмжийн зарим онцлох хэсгийг нэгтгэн илэрхийлсэн бөгөөд зөвлөмжийн нарийвчилсан агуулга нь чухам судалгааны ямар дүгнэлтээр дамжин илэрхийлэгдсэн болохыг мэдэхийн тулд судалгаа тус бүрийн агуулгатай танилцана уу хэмээн зөвлөж байна. Энэхүү бодлогын судалгааны үйл явцыг бүхэлд нь зохион байгуулалтаар хангаж, судлаач, зөвлөхүүдийн болон зөвлөхүүдийн багийн хамтран ажиллах бүхий л талын нөхцөл бололцоог ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас бүрдүүлж ажилласан нь судалгааны үр дүн цаг хугацаандаа гарч нэгтгэгдэх үндэс болсоныг онцлон талархан, тэмдэглэж байна. Хэдийгээр энэ удаагийн судалгаа нь цаг үеийн хөл хорио, хязгаарлалтын нөхцөл байдлаас шалтгаалан судлаачдын явцын болон эцсийн хэлэлцүүлгийг тус бүр цахим хэлбэрээр зохион байгуулж, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахгүйгээр өрнөн, үр дүнгээ гаргасан бөгөөд судалгааны нийт үргэлжлэх хугацаа өмнөх жилүүдийнхээс эрс богино хугацаанд үргэлжлэн дууссан зэрэг нь энэ удаагийн судалгааны нийт гүйцэтгэл, үр дүнд ямар нэг байдлаар нөлөөлсөн байх талтай боловч судлаачдын болон зөвлөхүүдийн судалгааны ажлын туршлага, ур чадвар, ажил хэрэгч чанар, судалгааны нэгдсэн үр дүн гаргахад оруулсан хүчин чармайлт зэргийн үрээр судалгаа бүхэлдээ тодорхой үр өгөөж болохуйц үр дүн, дүгнэлтэнд хүргэсэн гэдгийг онцлох нь зүйтэй юм. Судалгааны нэгдсэн багийн үйл ажиллагаа нь нийт 7 судлаачийн ажилд судалгааны 4 зөвлөх зөвлөн удирдаж гүйцэтгэхээр зохион байгуулагдсан. Судалгаа тус бүрт авч үзсэн асуудлуудыг судлаачид бие даан гүйцэтгэсэн боловч тухайн судалгааны арга зүй, агуулга, бүтэц, хэлбэрийн талаарх зөвлөгөөг судлаач тус бүрийн зөвлөх эрдэмтэд өгч хамтран ажилласан болно. Энэхүү зохион байгуулалт нь бодлогын судалгааны нэгдсэн тайлангийн бүтэц, хэсгээр илэрхийлэгдэж байгаа бөгөөд тэдгээрийг товч танилцуулбал: “Олон нийтийн хэвлэл мэдээллийг улс төрөөс хараат бус байлгах нь (хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын жишээн дээр)” сэдэвт судалгааг “Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал, төслийн судлаач Г.Гүнжидмаа, “Засаглалын цахим шилжилт: төрийн үйл хэрэг дэх иргэдийн цахим оролцоо” сэдэвт судалгааг Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, төслийн судлаач Л.Галбаатар нар гүйцэтгэсэн бөгөөд эдгээр судлаачийн судалгааны зөвлөхөөр МУИС-ийн ШУС-ийн Улс төр судлалын тэнхимийн зөвлөх профессор Ц.Ганболд ажилласан болно. “Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлагч хүчин зүйлс” сэдэвт судалгааг төслийн судлаач Л.Бямбаханд, “Монгол дахь иргэний нийгмийн байгууллагын хөгжил, хандлагын зарим асуудлыг хүний эрх, байгаль орчны төрийн бус байгууллагуудын жишээн дээр авч үзэх нь” сэдэвт судалгааг “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн, төслийн судлаач Б.Баярмаа нар тус тус хийж гүйцэтгэсэн бөгөөд эдгээр судлаачийн зөвлөхөөр Удирдлагын Академийн дэд захирал, доктор, профессор Ш.Батсүх ажилласан болно.
“Монгол Улсын төсвийн хяналт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт судалгааг МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор, профессор Н.Бурмаа, “Монгол дахь ардчиллын бэхжилт, сорилтын зарим асуудлыг олон улсын харьцуулсан судалгааны үүднээс авч үзэх нь” сэдэвт судалгааг төслийн судлаач Монгол дахь АНУ-ын Азийн Сангийн хотын засаглалыг сайжруулах төслийн дэд менежер Д.Оргил нар тус тус хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны зөвлөхөөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал ажиллалаа. “Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт судалгааг “Түгээмэл хөгжил төв” ТББ-ын тэргүүн, төслийн судлаач Ч.Ундрахбаяр хийж гүйцэтгэн судалгааны зөвлөхөөр МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор, профессор Н.Бурмаа ажилласан болохыг тэмдэглэж байна. Товчдоо, судлаач бүрийн хариуцан бие даан хийж гүйцэтгэсэн судалгаа нь судлаач ба зөвлөхийн хамтын үйл ажиллагааны үр дүнд үндэслэсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Монгол дахь ардчилал, иргэний нийгмийн өнөөгийн байдлын талаарх судалгааны зарим тодорхой асуудлуудыг хөндсөн энэхүү бодлогын судалгаа нь цаашид тухайн асуудлуудаар лавшруулан судлаж болохуйц олон олон судалгааны төсөл, үйл ажиллагаа, үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлгээр улам баяжих бүрэн бололцоотой бөгөөд зохистой гэдгийг эцэст нь тэмдэглэж байна.