Мэндчилгээ
Хүндэт уншигчид аа,
Конрад-Аденауэр-Сангийн түнш, дэмжигчдээ,
Конрад-Аденауэр-Сангийн дэргэдэх Төрийн байгуулалтын экспертийн зөвлөл нь 2017 оноос жил бүр эрдэм шинжилгээний иж бүрэн судалгаа, түүний эмхэтгэлийг МУИС-ийн Улс төр судлалын тэнхимтэй хамтран 5 дахь жилдээ хэвлэн, нийтэлж олон нийтэд хүргэж байна. Судалгааны зорилго нь Улс төр болон захиргааны шинжлэх ухааны салбарын орчин үеийн судалгааны шинэ тутам арга зүйг нэвтрүүлэх, цаашид хөгжүүлэхэд оршино. 2021 оны судалгааны сэдвүүд ТБЭЗ-өөс болон судлаачдын хамтран тодорхойлсны дагуу “Монгол дахь улс төрийн намуудын санхүүжилтийн тулгамдсан асуудал, цаашдын хандлага”, “Монголын улс төрийн хүрээн дэх авлигын нөхцөл байдлын шинжилгээ”, “Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг: Хүний хөгжилд суурилсан нийгмийн хамгаалал болон зах зээлийн эдийн засгийн бодлогын уялдаа” болон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
тэгш байдлыг хангах талаарх төрийн бодлогын асуудал, шийдэл” сэдвүүдээс бүрдэж байна. Эдгээр сэдвүүд нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын хувьд ч Герман Улсын хувьд ч хамгийн их хөндөгдөж, хэлэлцэгдэж байгаа асуудлууд бөгөөд хамтдаа нийгмийг хэрхэн шударга, тогтвортой болгох вэ гэсэн асуултыг хөндсөн явдал юм.
Конрад-Аденауэр-Сан нь уг эрдэмтдийн багийн үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Учир нь аливаа нийгэмд эрдэм шинжилгээ, судалгааны ажил тасралтгүй хийгдсэнээр шинжлэх ухаан зогсолтгүй хөгжих зам нээлттэй байдаг билээ. Ийм ч учраас энэ жилийн иж бүрэн судалгааны үр дүнг зөвхөн шинжлэх ухааны
салбарт төдийгүй бусад салбарынхан шимтэн, уншиж судлана хэмээн найдаж байна.