Монгол улсын төсөв, санхүүгийн удирдлагад үзүүлэх улс төрийн хүчин зүйлсийн нөлөөлөл, түүний сөрөг төлөөллийг бууруулах арга зам....


0:00
/

pdf унших - Монгол улсын төсөв, санхүүгийн удирдлагад үзүүлэх улс төрийн хүчин зүйлсийн нөлөөлөл, түүний сөрөг төлөөллийг бууруулах арга зам

Судалгааны ажлын бодит шаардлага, үндэслэл. Монгол Улс нь байгалийн баялгийн арвин нөөцтэй, экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийхээ зах зээлд ойр, хүн амын боловсролын түвшин харьцангуй өндөр, насжилт залуу орны хувьд дунд болон урт хугацааны өсөлтийн боломж өндөртэйд тооцогддог. 1990 оноос хойш хэрэгжүүлсэн улс төр, эдийн засгийн дэвшилтэт бодлого шийдвэрүүд болон монгол улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй уул уурхайн салбарын гадаад зах зээлийн таатай нөхцөл байдал зэрэг нь Монгол Улсын эдийн засагт дорвитой өсөлт буй болгосон. Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 2015 оны байдлаар 1990 онтой харьцуулсан дүнгээр 4 дахин өсч, Дэлхийн банкны хэмжүүрээр бага орлоготой орноос дунд орлоготой орны ангилалд шилжсэн. Гэсэн хэдий ч 2008–2009 оны дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал, 2013-2016 оны хооронд үргэлжилсэн уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн уналт зэргээс шалтгаалж, Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан. Эдийн засаг нэг салбараас хэт хамааралтай байгаа төдийгүй макро эдийн засгийн бодлого тодорхой бус, тогтворгүй, санхүүгийн салбарын удирдлага сул байгаа нь өмнө өгүүлсэн эдийн засгийн өсөлтийн талаарх өөдрөг хүлээлтийг бүдгэрүүлэхэд хүргэж байна. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 29 жилийн хугацаанд санхүүгийн тогтвортой засаглалыг буй болгох олон алхмууд хийгдсэн бөгөөд эдгээрийн нэлээд нь донор буюу хандивлагч орнууд, Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгтэйгээр хийгдсэн гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль (2002), Нэгдсэн төсвийн тухай хууль (2002), Төсвийн тогтвортой байдлын тухай хууль (2010), Төсвийн тухай хууль (2011), Өрийн удирдлагын хууль (2015) зэрэг олон чухал хуулиуд батлагдаж, Төрийн сангийн төлбөр тооцооны нэгдсэн системд шилжиж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн механизм буй болж, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, өрийн удирдлагын түвшинд тодорхой ахиц дэвшил гарчээ. Хэдий тийм ч сүүлийн 15 жилийн хандлагыг ерөнхийд нь авч үзвэл Монгол Улсын төсвийн бодлого үр ашиг муутай хэвээр, орлого өндөр үед хуримтлал буй болгох эрмэлзэл бага, төсвийн үрэлгэн зардал ихтэй, улсын өр жил дараалан өсч, хөрөнгө оруулалтын үр ашиг доогуур хэвээр байна. 2012 оноос Засгийн газрын гадаад зах зээлээс босгосон бондын дийлэнх хэсгийг шууд үр ашгаа өгөхгүй дэд бүтцийн бүтээн байгуулалтад ихээр зарцуулсан нь улсын төсвийн орлого хүндэрсэн үед өрийн дарамтыг огцом нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг нэн таагүй болгож байна. Сангийн яам, Засгийн газраас удаа дараа гаргасан санхүү, төсвийн нөхцөл байдлыг сайжруулах, төсвийн зардлыг бууруулах, улсын өрийг хязгаарлах тодорхой санаачлагууд төдийлөн ажил хэрэг болоогүй явж иржээ. Үүний шалтгааныг тодорхойлоход өнөөдөр улс орны төсөв, санхүүгийн удирдлагад Засгийн газраас багагүй, эсвэл магадгүй илүү нөлөөтэй байгаа УИХ-ын үүрэг, шууд нөлөөлөл бодит амьдрал дээр ямар байгааг судлах шаардлага тулгарч байна. 6 Монгол Улсын Их Хурал өнөөдөр дийлэнх улс орны парламент шиг төсвийг хянаж, батлах бус, өргөн барьсан төсөвт хүссэн өөрчлөлтөө хийж, дахин хуваарилах ажил хийж байна. Гэтэл ийм нөхцөлд УИХ-ын түвшинд төсвийн шинжилгээний мэргэшсэн чадавхи бүрэлдэж чадаагүй байгаа нь ихээхэн санаа зовоох асуудал мөн билээ. УИХ-ын гишүүдийн төсвийн талаар гаргаж байгаа саналууд тэдний тойргийн болон бусад улс төрийн сонирхолд ихээхэн хөтлөгдсөн шинжтэй, тооцоо судалгаа муутай, заримдаа бүр огт тооцоо судалгаагүй байдаг талаар хангалттай баримтууд бий. Өнгөрсөн жилүүдэд төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хоорондын зөрүүнд тоон талаас нь тодорхой харьцуулсан судалгаа хийж ирсэн ч, тэдгээр зөрүү үүсэхэд шууд нөлөөлдөг УИХ-ын шийдвэр болон бусад холбогдох хүчин зүйлсийн нөлөөллийн талаарх эмпирик судалгаа төдийлөн байхгүй байна. Өмнө хийгдэж байсан зарим судалгааны ажлуудад УИХ-ын төсвийн хуваарилалтад хязгааргүй оролцож байгаад шүүмжлэлтэй хандсан дүгнэлтүүд тааралдаж байгаа ч түүний учир шалтгааныг задлан шинжилсэн, засах арга замыг санал болгосон өргөн хүрээтэй судалгааны ажил нэн хомс байна. Тиймээс энэхүү судалгааны үндсэн зорилго “Монгол Улсын сүүлийн 20 гаруй жилийн санхүү, төсөв, хөрөнгө оруулалтын салбарын урт болон дунд хугацааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд, мөн жил тутмын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын бодлого, төсвийн процесс, тэдгээрийн үр дүнд УИХ-ын институц ямар бодит нөлөөлөл үзүүлж ирснийг судлах, түүний сөрөг талыг бууруулах арга замыг санал болгох”-д оршино. Судалгааны үндсэн асуудлууд. Энэхүү судалгааны ажлын хүрээнд дараах үндсэн дөрвөн асуултад хариулт өгөхийг эрмэлзэнэ. 1. Монгол Улсын Их Хурал төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын орчны эрх зүйн шинэчлэл урт болон дунд хугацааны бодлогод ямар нөлөө үзүүлж ирсэн бэ ? 2. УИХ жил тутмын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын бодлого, шийдвэрт ямар нөлөө үзүүлсэн бэ ?. Энэ нь дунд болон урт хугацаанд улсын төсвийн алдагдал, улсын өр өсөхөд хэрхэн нөлөөлсөн бэ ? 3. УИХ-ын гүйцэтгэж ирсэн үүрэг, нөлөөллийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль тогтоох, гүйцэтгэх дээд байгууллагуудын эрх мэдлийн хуваарилалттай хэрхэн холбон тайлбарлах вэ ? 4. Монгол Улсад улс төрийн болон бодлогын тогвортой байдлын түвшин ямар байна вэ ?. Энэ нь төсөв, санхүүгийн салбарт ямар нөлөө үзүүлж байна вэ ? Эдгээр үндсэн асуултад хариулахын тулд дараах тодорхой чиглэлүүдээр судалгаа хийлээ. 1. Монгол Улсын төсөв, санхүүгийн удирдлагад гол дэвшил авч ирсэн хууль эрх зүйн орчны шинэчлэл хэрхэн эхэлж, үргэлжлэн явагдаж ирэв ?. УИХ энэ үйл явцад ямар үүрэг, нөлөөтэй оролцож ирснийг тодорхойлох 2. 2016 онд УИХ-аар баталсан Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн бодлого хэрхэн боловсрогдож батлагдсан бэ ?. Эдийн засаг, санхүүгийн салбарын хөгжлийн зорилтууд урт хугацааны хөгжлийн бодлоготой хэрхэн уялдсан талаар дүгнэлт гаргах 3. Дөрвөн жил тутам баталдаг Засгийн газрын мөрийн хөтөлбөр, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 7 үндсэн чиглэл, жил тутмын төсвийн төлөвлөлт, хуваарилалт, үр дүн хоорондоо хэрхэн уялдаж байгааг тогтоох 4. Дунд хугацааны төсвийн төлөвлөлт, УИХ-аар баталдаг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь үр дүнтэй механизм байж чаддаг уу. Төлөвлөлт ба үр дүнгийн зөрүүнд ямар дүгнэлт хийх 5. Сүүлийн 15 жилийн УИХ-д өргөн барьсан болон батлагдсан төсөв, төсвийн гүйцэтгэлийн хооронд зөрүү үүсэхэд УИХ хэрхэн нөлөөлснийг тодорхойлох 6. Улсын өрийн удирдлагын талаарх бодлого тодорхойлоход Засгийн газар, УИХ-ын хооронд байр суурийн ямар нийтлэг болон зөрүүтэй байдал оршин байгааг тогтоох 7. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын хуулийг шинээр баталсан үйл явцад УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт хийх 8. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийгээд УИХ-аар батлах, хэрэгжүүлэх үйл явц хоорондоо ямар уялдаа, нөлөөлөлтэй явагддагийг тогтоох 9. УИХ-аас төсвийн хуваарилалтад хязгааргүй өөрчлөлт хийх энэ боломж санхүүгийн засаглал, төсвийн институцийн ерөнхий төлөвшилд, цаашилбал өргөн утгаараа улс орны эдийн засгийн хөгжилд ямар нөлөө үзүүлж байгааг тогтоох 10. Монгол Улсын Засгийн газар сүүлийн 26 жилд 15 удаа солигдсон нь улс төрийн орчин, макро эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж ирсэн бэ ? Санхүүгийн, төсвийн институцийн төлөвшил, хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох Судалгааны агуулга болон цаг хугацааны ач холбогдол. Улс орны эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх, ядуурлыг бууруулахад засаглалын чанар чухал ач холбогдолтой төдийгүй нэг гол арга зам болохыг судлаачид, эдийн засагчид өргөн хүрээнд хүлээн зөвшөөрдөг. Монгол Улсын хувьд ч эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд засаглалын хямрал, улс төрийн болон төрийн бодлогын тогтворгүй байдал сөргөөр нөлөөлж байгааг олон нийт, хэвлэл мэдээлэл, улс төрийн хүрээнд ч ихээхэн шүүмжилж байгаа. Гэвч энэхүү шүүмжлэлийг нотлох, эсвэл үгүйсгэх онолын болон практик түвшний дорвитой судалгаа Монголд дутмаг байна. Бусад орон гүйцэтгэх засаглалд хамаардаг Засгийн газрын гишүүдийг томилох, төсвийн бодит хуваарилалт хийх эрх мэдэл нь Монгол Улс хувьд хууль тогтоох байгууллагадаа харьяалагдаж байна. Энэ байдал төсвийн үйл явцад хэрхэн нөлөөлдөг хийгээд төсвийн алдагдал, улсын өр улам бүр өсөн нэмэгдэж байгаа нөхцөл байдал, УИХ-ын үйл ажиллагаа өөр хоорондоо ямар уялдаатайг судалж тогтоох нь цаашид төрийн тогтолцоо, засаглалын чанарыг боловсронгуй болгох ажилд тустай гэж үзэж байна. Энэ судалгаа цаг хугацааны хувьд Монгол Улсын төсвийн алдагдал, улсын өр нэмэгдсэн, улмаас санхүүгийн хүндрэлд орж, үүнийг засах арга замыг хайж байгаа, мөн уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОУВС зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаа үед хийгдэж байгаагаараа ач холбогдолтой. Мөн УИХ-д суудалтай гол улс төрийн намууд парламентын засаглалыг улам боловсронгуй болгох чиглэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нухацтай дэвшүүлж байгаа үед хийгдэж байгаагаараа уг асуудлыг судалж шийдвэрлэхэд ч тодорхой ач холбогдолтой гэж үзэж байна.