Төвлөрлийг сааруулах замаар иргэдэд үйлчилгээг ойртуулах нь


0:00
/

pdf унших - Төвлөрлийг сааруулах замаар иргэдэд үйлчилгээг ойртуулах нь

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө! Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлгая. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан хамтран “Төвлөрлийг сааруулах замаар иргэдэд үйлчилгээг ойртуулах нь” сэдэвт Ардчиллын 4 дүгээр чуулганыг зохион байгуулж байна. Юуны өмнө чуулганыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн байгууллагууд болон урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлэе. Манай улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэн хөгжүүлэхэд өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилт, бас алдаа сургамж багагүй байгааг бид сайн мэдэж байгаа. Энэ хугацааны ололт амжилт, туршлагад дүгнэлт хийж, тулгамдаж буй асуудал, сорилтыг даван туулах арга замыг тодорхойлоход олон улсын байгууллагууд болон судалгаа шинжилгээний байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагааны цаашдын хөгжил ихээхэн чухал юм. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чухал сэдвүүдийг тодорхойлон “Ардчиллын чуулган”-ыг Монгол улсын төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын удирдлага, албан хаагчид, их дээд сургууль, судалгааны байгууллагуудын багш, эрдэмтэд, олон улсын байгууллагуудын оролцоотойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулганы зорилго нь оролцогчдынхоо хүрээг өргөжүүлээд зогсохгүй, тэдний сайн дурын оролцоонд түшиглэн ардчилсан засаглал дахь “Төр-Иргэн”-ий хамтын ажиллагааг тойрсон чухал асуудлыг өргөн хүрээнд, үр дүнтэй хэлэлцэхэд чиглэгдэж байна. Чуулганд Засгийн газрын ХЭГ, яам, агентлагын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, их дээд сургуулийн багш, профессорууд болон мэргэжлийн судлаачид, ТББ-ын төлөөлөл өргөнөөр оролцож, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах арга замыг онол, практикийн түвшинд хэлэлцэж, асуудлын гарцыг тодорхойлоход чиглэгдэж байна. Өнөөдрийн чуулганд:

  • Монгол Улсын Засгийн газрын Төвлөрлийг сааруулах бодлого, түүний хэрэгжилтийн тухай
  • ХБНГУ-ын зочин илтгэгч, Киелийн захиргааны дээд сургуулийн захирал, профессор Паул Витт “ХБНГУ-ын нутгийн өөрийн удирдлага, цаашдын хандлага”
  • Заксен муж улсын парламентын гишүүн Йорг Киэзеветтер, “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь: ХБНГУ-ын орон нутгийн жишээн дээр” гэсэн сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлнэ. Мөн
  • “Төр иргэдэд үйлчилгээ үзүүлэгч бөгөөд иргэдийн оролцоог дэмжигч”
  • “Ардчилалд иргэдийн оролцоо чухал болох нь: Үр нөлөө бүхий чиг үүргийн хуваарилалт болон нутгийн удирдлагын чадавхийг сайжруулах нь” гэсэн хоёр тусгайлсан сэдвээр панел хэлэлцүүлэг зохион байгуулагдах болно. Ардчилсан засаглал, иргэн төвтэй төрийн үйлчилгээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд, албан хаагчид болон сургалт, судалгааны байгууллагын үүрэг оролцоо их чухал юм. Иймд энэхүү чуулганаас бид бүгдийн гаргах хамтын ажиллагааны үр дүн нь төвлөрлийг сааруулах замаар иргэдэд үйлчилгээг ойртуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн чуулганы үйл ажиллагаа нээснийг мэдэгдэе.