Улс төрийн намуудын төлөвшил, өнөөгийн нөхцөл байдал


0:00
/

pdf унших - Улс төрийн намуудын төлөвшил, өнөөгийн нөхцөл байдал

Энэхүү судалгааны зорилго нь намуудын рейтинг, танигдсан байдал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс болон намуудын бодлого, үзэл баримтлалын талаарх иргэдийн хандлага, мэдлэгийг тодруулахад чиглэсэн. Судалгааг Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт зохион байгуулсан ба нийт 380 иргэнийг ажил эрхлэлтийн байдал, орлогын түвшин, 2016 онд аль нам хүчний төлөө саналаа өгсөн зэргийг харгалзан судалгаанд түүвэрлэн хамруулсан Судалгааны зарим үр дүнгээс энэ хэсэгт хураангуйлан дурдвал иргэдийн хувьд төрийн эрх барьж байгаа МАН, АН, МАХН-ын талаар мэдээлэл сайтай боловч бусад улс төрийн хүчин, нам эвслүүдийн талаар мэдээлэл хангалтгүй байна. Иргэд сонгуулиар дамжуулан сонгож баталгаажуулсан улс төрийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид болох УИХ дэх намын төлөөллийг иргэдийн улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйлсийг төлөөлж чадахгүй хэмээн судалгаанд оролцогчдын 60 хувь үзэж байна. Мөн иргэд улс төрийн сонголт хийхдээ урт хугацааны хүчин зүйлс бус тухайн цаг үеийн нөхцөл байдал, үйл хөдлөлд хөтлөгдсөн буюу сонгуулийн нөхцөл байдал, уур амьсгал зэрэгт үндэслэн сонгуулийн өдөр болон сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд шийдвэрээ гаргаж судалгаанд оролцогчдын 62 хувь нь сонголт хийж байна. Иргэдийн тал нь буюу 41.6 хувь улс төрийн шийдвэр гаргахдаа намуудын бодлого, мөрийн хөтөлбөрт суурилсан үндэслэл бүхий оновчтой шийдвэр гаргаж чадахгүй байна. Мөн иргэдийн 59 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад субъектийн нөлөөлөлд автан сонголт хийж байгаа нь улс төрийн хүлээн зөвшөөрөгдөхүйц бие даасан шийдвэр болж чадахгүй байна. Иргэдийн намуудад итгэх итгэл маш сул буюу намуудын сөрөг дэмжлэг өндөр, эерэг дэмжлэг маш бага байна. Олон ургалч үзэл бодлыг илэрхийлсэн олон намын тогтолцоонд иргэдийн итгэх итгэл суларсан байна. Харин намын хэрэг байхгүй хүчтэй ерөнхийлөгчийн засаглал байх шаардлагатай гэсэн хандлага нэмэгдсэн байна. Иргэдийн намуудаас хүлээх хүлээлт маш бага буюу иргэдийн 82 хувь нь намуудын өгсөн сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөр биелэхгүй гэсэн хүлээлттэй байна. Иргэдийн дийлэнх нь намууд бодлого хөтөлбөр, үзэл баримтлалын хувьд буруу чиглэлд хөгжиж байна хэмээн тодорхойлж байна. Мөн иргэдийн хувьд улс төрийн нам, эвслүүдийн бодлого, үзэл баримтлал, үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийн талаарх мэдлэг, ойлголт маш сул байна.

Энэхүү тандалт судалгааны ажлыг Монголын дипломатын академи болон Монгол дахь КонрадАденауэр сангийн удирдлага дор МИРИМ Консалтант ХХК нь 2019 оны 09 сарын 06-наас 15-ны өдрүүдэд гүйцэтгэсэн. Мөн МИРИМ Консалтант ХХК-ийн өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй ажлуудын үр дүнг харьцуулан ашигласан болно. 

Энэхүү судалгааны зорилго нь намуудын рейтинг, танигдсан байдал, түүнд иргэдийн сонголтод нөлөөлөгч хүчин зүйлс болон намуудын бодлого, үзэл баримтлалын талаарх иргэдийн хандлага, мэдлэгийг тодруулахад чиглэнэ. Судалгаа нь дараах асуудлуудыг гүнзгийрүүлэн судалсан болно.