pdf унших - Хүүхдүүд хогны ертөнцийг өөрчилж чадна
ХАЯГДАЛ БОЛ ХОГ
“Би энэ хоолыг идмээргүй байна, ийм хоолонд дургүй”, “Ээж ээ! Энэ хоолыг хогийн сав руу асгачих уу?” гэх мэтээр хоол хүнсээ хаях тохиолдол зөндөө тохиолдоно. Сүү, ундааны сав, чипс, чихэр, печений цаас, ногоо жимсний хальсаа ч хаяна. Багадсан, хуучирсан гутал, хувцас шкафаар дүүрнэ. Бага наснаас цуглуулсан элдэв тоглоом, эвдэрсэн машин, лего тоглоомын саванд ч багтахаа болино. Хуучирсан дугуй, скүүтер, гар утас, батарей, үзэг харандаа, цаас бас эд хогшил. Энэ бүхнийг яах вэ?
Гэрээсээ гаргаж хогийн саванд хаяна. Ийм маягаар бүх айлаас хаягдсан зүйл цуглараад ХОГ болдог. Энэ бүх зүйлийг гаргаж хогийн саванд хийснээр асуудал шийдэгдэнэ гэж үү?
Бидний амьдралд ашиглагдахгүй болсон, эсвэл сонирхолгүй болсон, бас эвдэрч, хуучран хэрэглэгдэхгүй болсон ихэнх зүйл шууд хог дээр хаягддаг. Гэхдээ өнөөдөр хаягдал болж байгаа зүйл маргааш хог биш болж болно. Бас бидэнд хэрэггүй болж хаягдаж байгаа зүйлс өөр хэн нэгэнд хэрэг болж ч мэднэ!
Хүн төрөлхтөнд үүсэж байгаа хог нь ерөнхийдөө хатуу, шингэн, хийн төлөвтэй байдаг. Хатуу хог нь ихэвчлэн бидний амьдрал ахуй, албан газрын үйл ажиллагаанаас үүсэж байдаг бол шингэн нь үйлдвэр, уул уурхайд хэрэглэгдээд гарч байгаа бохир ус юм. Харин цахилгаан станц, айл өрхийг дулаацуулах зорилгоор хэрэглэж буй түлшнээс ялгарч байгаа утаа нь хийн төлөвт хамаарах хаягдалд тооцогдоно.
ХААНААС ХОГ ҮҮСДЭГ ВЭ?
Хүмүүсийн өдөр тутмын амьдралаас хог хаягдал өчнөөнөөрөө гарна. Хоол ундны үлдэгдэл, бичгийн хэрэгслээс эхлээд эвдэрч хэмхэрсэн машин хүртэл хог дээр хаягддаг. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад үйлдвэрийн хог хаягдал гарна. Мөн үйлдвэрлэлд хэрэглэсэн ус их хэмжээгээр хаягдана. Үүний хажуугаар хуучин дугуй, бензин тосны торх, будагний сав, эвдэрсэн багаж хэрэгсэл гэх мэт зүйл ихээр хаягддаг.
Гэмтэж бэртэх, ханиад томуу хүрэх гэх мэтээр өвдөх үед бид эмнэлэгт хандаж эмчлүүлдэг. Эмч үзээд эм бичиж өгөх, эсвэл тариа хийлгэх, гэмтсэн гар хөлөө боолгох зэрэгт бас л хог үүсэж байдаг. Эмчийн хэрэглэсэн бээлий, бидний хэрэглэсэн эм тарианы үлдэгдэл, шил сав, тариур, бохир эд зүйл гэх мэт. Эмнэлгийн орчноос үүсэх эдгээр хог нь онцгой нөхцлөөр устгагдах дүрэм журамтай.