Эдийн засгийн коридор


0:00
/

pdf унших - Эдийн засгийн коридор

 Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитик хүчтэй өөрчлөлтүүд явагдаж үүнийг дагаад манай хөрш орнуудын гео эдийн засгийн бодлогод өөрчлөлт ажилагдах болсон. Үүний нэг тод жишээ нь манай хойд хөрш Зүүн Хойд Ази, Ази Номхон далайн бүст эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах боллоо. ОХУ, БНХАУ-н хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж ойрын ирээдүйд хоёр орны худалдаа 200 орчим тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтаар гурван улсыг холбосон “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан нь далайд гарцгүй Монгол орны эдийн засгаа өсгөх боломж юм.
Эдийн засгийн коридорын бүст үйлдвэрлэх хүчний хөгжлийг зөв төлөвлөн шинээр нутаг дэвсгэр-үйлдвэрлэлийн цогцолбор төвүүд, тээвэр-эдийн засгийн зангилаанууд бий болгон тээвэр-эдийн засгийн байнгын холбоо, ачаа урсгалыг бүрдүүлж улсынхаа эдийн засагт өндөр үр ашигтай төсөл болгох шаардлагатай байна. Үүний тулдТээвэр-эдийн засгийн тогтвортой холбоо, ачаа урсгалын нийлбэр хэмжээ, ачааны бүтэц, чиглэл нь тээврийн төрлүүдийг оновчтой ашиглах хүрээ, зохистой байршлыг тогтоох, тэдгээрийн хөгжлийн цар хэмжээг тодорхойлох нь чухал. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулганаар “Эх дэлхийгээ өөрчлөх нь: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” Тогтвортой хөгжлийн зорилтод “Тогтвортой дэд бүтэц, үйлдвэрлэл, инновацийг дэмжих” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд тус зорилтын хүрээнд улс орнууд тээврийн нэгдсэн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, тав тухтай хүргэх, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай техник, технологийг хөгжүүлэхээр төлөвлөсөн. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д “эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлнэ, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээг өргөжүүлнэ”, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхөтөлбөр болон салбарын хэмжээнд “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх” гэсэн зорилтыг тусгасан. Иймээс уг судалгааны ажлын хүрээнд Тогвтортой хөгжлийн зорилтуудыг хангах зам, тээврийн салбарын бодлогод өгсөн үнэлэлт дүгнэлт, эдийн засгийн коридорыг хөгжүүлэх санал дүгнэлт боловсруулж, зөвлөмжүүдийг гаргасан болно.

Монголд сүүлийн арав орчим жилд явагдсан эдийн засгийн түргэн хурдацтай өсөлт, хэрэгжүүлж эхэлсэн уул уурхайн томоохон орд газруудыг ашиглах төслүүдийн нөлөөгөөр эдийн засгийн бүтцэд томоохон өөрчлөлт гарч, олборлох үйлдвэрлэлийн салбараас орж ирсэн орлогын огцом өсөлт нь бүхий л салбаруудын үйлдвэрлэлийн зардлыг өсгөж, уул уурхайн бус үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг бууруулснаас нийт экспортод олборлох үйлдвэрлэлийн салбарын хувийн жин эрс нэмэгдэж, уул уурхайн бус үйлдвэрлэлийн салбарын хувьд үлэмж хэмжээгээр буурсан. Гэвч сүүлийн жилүүдэд бий болсон дэлхийн эдийн засгийн эерэг нөлөөгөөр эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх эрэлт өсч, түүхий эдийн үнэ өссөн нь манай улсын эдийн засагт эерэг хандлага авчирлаа. Төсөв санхүүгийн хүндрэл бэрхшээл, гадаадын хөрөнгө оруулалтын огцом уналт, өсөн нэмэгдэж буй гадаад өртэй зэрэгцэн ялангуяа Монголын эрдэс бүтээгдэхүүнийг худалдан авагч гол орон болох БНХАУ болон манай нүүрсний экспорт зөвхөн нэг боомтоос хамааралтай байгаа нь түүхий эдийн үнийн уналтаас эхний цохилтыг амссан манай орны хувьд “түгшүүрийн харанга” дэлдэж байна. Хэдийгээр ОХУ, БНХАУ-н хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай болов. Үүнээс гадна сүүлийн 30 гаруй жилд явагдсан эдийн засгийн өндөр хурдацтай өсөлтийн нөлөөгөөр хүчирхэг эдийн засагтай болсон Хятад улс удааширч буй эдийн засгийн өсөлтөө түргэтгэх, үүний тулд үйлдвэрлэгчдэдээ Дундад Ази, Европын зах зээлд гарах таатай нөхцлийг бүрдүүлэх үүднээс “нэг бүс, нэг зам” санаачлага гаргажээ. Хятад улс энэхүү санаачлагаа хэрэгжүүлэх зорилгоор Шинжан-Уйгураар дамжуулан Дундад Азийн зах зээлд нэвтрэх тээврийн корридорыг байгуулах томоохон төслийг Казахстан улсын идэвхтэй оролцоотойгоор хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийг Киргизстан, Туркменстан, Таджикстан, Армен, Азербайджан зэрэг орнууд идэвхтэй дэмжиж байгаа боловч ОХУ болон Европын орнуудын хувьд энэ зам нь хэт тойруу, олон улс орныг дамжсан, зардал болон бэрхшээл ихтэй байгаа нь манай улсын хувьд давуу тал байх боломжтой. Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтын /2016.06.23/ үеэр гурван улсыг холбосон “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд талуудын сонгон авсан 32 төслийг хэрэгжүүлсэнээр Монгол улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид өөрийн гэсэн байр суурийг эзлэх юм. 8 Эдийн засгийн коридорын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг талууд (зөвхөн Хятадын зүгээс 190 гаруй) санал болгосноос Монголын талд ашигтай гэж үзсэн 32-ыг сонгосон. Өнгөрсөн жилүүдэд гурван талын холбогдох ажлын хэсгийн уулзалт тогтмолжиж, “Дорнын эдийн засгийн чуулган” жил бүр зохион байгуулдаг уламжлалтай боллоо. “Эдийн засгийн коридор” нь Монголын талын “Талын зам”, БНХАУ-ын “Нэг бүс нэг зам”, ОХУ-ын “Евро Азийн эдийн засгийн холбоо” гэсэн дэд бүтцийн томоохон төслийн салшгүй хэсэг болж байгаа юм. “Нэг бүс, нэг зам” санаачлагын хүрээнд Ази, Европыг холбосон тээврийн тээврийн коридорыг Монголоор дамжуулан бий болгох нь нэгд, Хятад, Монгол, Орос гэсэн гуравхан орныг дамжин өнгөрдөг, уул нуурууд зэрэг байгалийн бартаа саад багатай тул зардал, бэрхшээл багатай, хоёрт, газарзүйн байршлын хувьд дөт, тээвэрлэлтийг хурдан хийх боломжтой, гуравт, Монголын төмөр замын гол шугам, ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр замын магистралийг шууд ашиглах боломжтой тул хөрөнгө оруулалт бага шаардагдахын зэрэгцээ Орос болон Европын орнуудын зүгээс томоохон дэмжлэг авах боломжтой хувилбар юм. Улс хоорондын тээврийн коридорыг Монголоор дамжуулан байгуулах энэхүү томоохон боломжийг бүтээлчээр ашиглан, эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлүүдээ даван туулж, тээврийн коридорыг Эдийн засгийн коридор болгон ашиглан өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, өөрийн орны эдийн засгаа солонгоруулан хөгжүүлэх боломж манай оронд бий. Тус бодлогын судалгаагаар “Нэг зам, нэг бүс” төслийн хүрээнд Монгол улсын оролцоог тодорхойлохыг зорьсон болно. Судалгааны ажлын зорилго, зорилт Энэхүү бодлогын судалгааны зорилго нь төслийн орчинд үнэлгээ өгөх, цаашид төслийг амжилттай хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг тодорхойлон шийдлийг боловсруулах, эрхзүй болон удирдлага зохион байгуулалтын зөв бүтцийг бий болгон амжилттай хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход оршино.