Эрүүл энх, өнтэй өвөлжье - Дулаалга, зуух, яндангийн тухай


0:00
/

pdf унших - Эрүүл энх, өнтэй өвөлжье - Дулаалга, зуух, яндангийн тухай

УГААРЫН ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ? Угаарын хий нь түлш дутуу шатахад үүсдэг хий юм. Уг хий нь өнгөгүй, үнэргүй байдаг бөгөөд угаарын хийг амьсгалснаар хүний бие хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Улмаар хүний тархи болон зүрхэнд очих хүчилтөрөгчийн хэмжээ буурч угаарын хордлогонд орно. Угаарын хийн хордлого нь толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэгтэй тул илэрсэн тохиолдолд гэрийн хаалга, цонхыг нээн агаар оруулах буюу угаартаж буй хүнийг гадаа гаргах мөн яаралтай 103 дуудах хэрэгтэй.

МОНГОЛ ГЭР ДУЛААЛАХ АРГА
Газар хөдлөлтөөс хамгаалсан дулаалгын материалыг шаландаа дэвсэх, болж өгвөл шалаа бүрмөсөн дулаалбал гэр дулаахан болно. Шал дулаалахад хамгийн тохиромжтой материал бол керамзит. Керамзит хайргыг 15 см зузаантай дэвсээд шалаа тавина. Ингэж хийхэд шалны мод ялзрахгүй, оготно хулгана үүрлэхгүй. Тооноор дулаан их алддаг учир тоонын битүүмжийг сайжруулах, болж өгвөл өвөлдөө битүү байлгавал илүү дулаан болно. Хаалганы битүүмжийг сайжруулах, үүдэндээ пин буюу амбаар барьж болно. Гэрийн өвлийн давхаргыг зузаалж хоёр давхаргатай болгох хэрэгтэй. Гэр өөрөө агаар салхилалтын маш сайн орчинд байдаг учраас хөгцөрч мөөгөнцөртдөггүй. Гэрийн хаяавчийг хоёр талдаа мөнгөлөгтэй 5мм-ээс зузаан хөөсөнцөр ашиглан хийвэл дулаан алдалтыг бууруулахад тустай. Гэр хаяалахдаа дотуур нь дулаалгын материал явуулж өгвөл илүү дулаан болдог. Хоёр талдаа мөнгөлөгтэй хөөсөнцөр ашиглаж болно. Зузаан нь 5 мм-ээс дээш байвал сайн. Гэрээ барихдаа модоо бариад гадуур нь энэ материалыг тавиад барьчихвал илүү сайн.

Та бид, бидний үр хүүхэд бүгд цэвэр агаараар амьсгалах эрхтэй. Харамсалтай нь нийслэлчүүд маань өвлийн туршид утаан дунд амьдраад багагүй хугацаа өнгөрч байна. Асуудал бүр өөрийн гэсэн шийдэлтэй. Агаарын бохирдолд ч ялгаагүй шийдэл бий. Агаарын бохирдлыг бууруулах шийдлийг ганц төр засаг дангаар гаргаж хэрэгжүүлнэ гэлгүй, хүн бүрийн үүрэг оролцоо туйлын чухал юм. Төр засгийн хийх ажил гэж байдаг. Төр зам барина, харин хүмүүст машин авч өгөхгүй, төр цэцэрлэгт хүрээлэн байгуулна, харин орон сууц бэлэглэхгүй ээ. Үүнтэй адилаар агаарын бохирдлыг бууруулахад өрхийн оролцоо бол гэр, байшингаа дулаалж, өөрсдийн аюулгүй байдлыг хангах явдал юм. Гэр хорооллын 174 өрх оролцсон судалгаанд "Гэрээ дулаан байлгахын тулд юу хийх вэ" гэх асуултад 29 хувь нь мэдэхгүй, 20 хувь нь гал түлэх гэж хариулжээ. Тэдний ердөө 32 хувь нь дулаалга хийнэ гэж хариулсан. Энэ мэт иргэдийн дунд мэдлэг, мэдээлэл дутуу байгааг нөхөж, бодитоор учраад байгаа эрсдэлийг бууруулах зорилготойгоор энэхүү гарын авлагыг таны гарт хүргэж байна. Монголчууд бид нийслэл хотдоо халуун хүйтэн устай байшинд амьдарч, гал түлэхгүйгээр халаалтаа шийдэж, хүүхэд багачууд цэвэр агаарт өвөл зунгүй тоглох цаг удахгүй ирнэ гэдэгт би итгэдэг. Ирэх цагийг авчрахад хүн бүрийн оролцоо чухал.