Ялалт руу тэмүүлсэн он жилүүд


0:00
/

pdf унших - Ялалт руу тэмүүлсэн он жилүүд

Хүн төрөлхтний түүх зогсолтгүй урагшилж, ард түмний түүх мандан буурах үе шатыг дамждаг нь жам ёс. Басхүү өнгөрсөн түүхээ шүүн хэлэлцэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, сургамж авах нь ч соёлт хүн төрөлхтний жам ёс билээ. Энэ ч үүднээс сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацаагаар тухайн үеийн түүхийг нээн гаргасан, Ш.Одонтөрийн гурван цуврал болох “Ардчилалын алдаа оноотой жилүүд. 1996-2000” (УБ.,2010), “Ардчилалаа хамгаалсан он жилүүд. 2000-2004 он” (УБ.,2011), “Хамтарч, хагарсан он жилүүд. 2004-2008” (УБ.,2016) номын шууд үргэлжлэл болгон “Ялалтруу тэмүүлсэн он жилүүд. 2008-2012” гэсэн гарчигтай нэгэн номыг хэвлэн нийтлүүлж байна. Ардчилсан намын туулсан замыг дөрөв, дөрвөн жилийн үечлэлээр нь бичиж үлдээсэн Ш.Одонтөрийн ажлыг үргэлжлүүлэх санал аваад хамгийн түрүүнд бид барах болов уу, яах бол гэж эргэлзэж байсан ч Ардчилсан намыг бас нэгэн өвөрмөц “хүн” гэж үзээд, түүний түүхийн нэгэн зурвас дахь намтрыг журмын нөхдийн нь тусламжтайгаар бичиглэж үлдээх нь бас хэн хүнд олдохооргүй аз завшаан гэж олзуурхсан юм. Аливаа судалгаанд сэтгэлийн хөөрөл, намын буюу бүлгийн, хувийн үзэл хандлагад авталгүйгээр баримт түшин сурвалжлах, баримтыг тоймлох, задлан шинжлэх, нэгтгэх, дүгнэх нэн чухал байдаг. Энэ зарчмыг баримтлахыг хичээсэн болно. Нэгэн номыг хэмээсний учир нь цаашид энэхүү цуврал номыг үргэлжлүүлэн гаргахыг бодсонд, төлөвлөсөнд орших билээ.

2008 ОНЫ УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ 2008 оны 6-р сарын 29. Нийт 356 нэр дэвшигч өрсөлдсөн, УИХ-ын тав дахь удаагийн сонгууль Монгол Улс даяар боллоо. Санал хураалт өглөө 07 цагт улс даяар эхэлсэн ба “УИХын сонгуулийн санал хураалтыг 22 цагт хаасны дараа бүх хэсгийн хороодын бүртгэлийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос 00 цаг өнгөрч байхад урьдчилсан байдлаар танилцууллаа...Улсын хэмжээнд иргэд сонгуульд 74,3 хувьтай хамрагдлаа”1 . Ардчилсан нам УИХ-ын ээлжит сонгуульд эртнээс бэлдэж эхэлсэн ба 2008 он дөнгөж гаруут “Зөв бодлого, зөв сонголт” гэсэн сонгуулийн уриагаа зарлажээ. Мөн 2007 оны дунд үеэс эхлэн МУ-ын 620 мянган өрхөөр дамжуулан улс даяар мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлсэн байна. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжав “Дангаараа сонгуульд орох нь намын цаашлаад төрийн төлөвшилд чухал юм. Зөвхөн сонгуульд ялахын тулд хэврэг эвсэл байгуулдаг. Дараа нь бутардаг. Түүнээс болоод бүх зүйл замардаг байж болохгүй гэж үзсэн. Олон түмэн итгэвэл, тэр итгэлийг АН дангаараа аваад явдаг, үгүй бол сөрөг хүчин болоод явах нь цаашдаа төрийн эрх ашигт нийцэж байгаа учраас АН энэ байр суурин дээрээ хатуу зогсч байгаа юм”2 гэсэн нь өмнөх алдаанаасаа сургамж авсан, аливаа нам хариуцлагатай байхыг сургамжилсан байр суурь байв. Ингэснээр 2007 оны 5-р сарын 17-ны бямба гарагт АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж УИХ-ын ээлжит сонгуульд ямар нэгэн улс төрийн хүчинтэй эвсэл байгуулахгүйгээр оролцох шийдвэрийг гаргажээ.

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ил бас далд хэлбэрээр хуулийн хугацаанаас өмнө эхэлсэн бөгөөд энэ тухай дөрөвдүгээр сард Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдэл гаргасан байдаг. “УИХ-ын сонгуулийг товлон зарлаагүй байхад сонгуульд нэр дэвшихээр горилж буй зарим хүмүүс, албан тушаалтны зүгээс сонгогчдод цаг тооны бичиг, архи, хадаг зэрэг эд зүйлс, мөнгө тараах, иргэдийн хувийн нууцад халдан төрсөн өдрийг нь тохиолдуулан оршин суугаа хаягаар нь бэлэг дурсгалын зүйлс хүргүүлэх, сурталчилгааны самбар ашиглах, сонгуульд зориулан хандивын данс нээж хандив цуглуулах, хандивын хүлээн авалт зохион байгуулах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах нь даамжирч байна... Сонгогчдын саналыг эртнээс худалдан авахад чиглэсэн аливаа зохисгүй үйл ажиллагаа явуулж буй улс төрийн нам, нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүртгэх үедээ дээрх зөрчлийн талаархи мэдээллийг баримтжуулан авч хариуцлага тооцох болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна”3 гэж тэмдэглэжээ. Нэг талаасаа хууль бус үйлдэл гарч байгааг буруушаасан мэт боловч хууль бус үйлдэл хийсэн зарим хүн, албан тушаалтан, намыг мэдсэн ч эс мэдсэн, тодорхойгүй, шийдвэргүй мэдэгдэл гаргасан нь СЕХ-ны зүгээс нүглийн нүдийг гурилаар хуурахын үлгэр болсон бол хууль зөрчигчдийн зүгээс жин явж л байна, жингэр хуцаж л байхын яруу тод жишээ болон үлджээ. Ийм хууль бус үйлдэл цааш даамжирсаар сонгууль, сонгуулийн санал тооллогын үеэр оргилдоо хүрсэн юм.

Тооллого явуулахдаа саналын хуудсыг хулгайлсан, сольсон, луйвардсан, иргэдэд мөнгө тараасан, санал худалдаж авсан гэх зэрэг олон маргаан дэгдсэн, мөн сонгуулийн эцсийн дүн албан ёсоор эцэслээгүй, санал тоолж эхлээд удаагүй байхад (03.00 цагт) МАХН ялалтаа зарласан байна. Харин олон нийт УИХын ээлжит сонгуулийг будлиантай, маргаантай, луйвартай болж өнгөрөв гэж үзэж байлаа. Баримт нотолгоо ч олноор гарч ирэв.

Зөвхөн жишээ болгоход: “Чингэлтэй дүүргийн УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог нийт 22 хэсгийн хороотой. Гуравдугаар хэсгийн сонгогчдын санал ямар ч битүүмжлэлгүй. Түүнийг нь МАХН-ын гишүүн бүсгүй нарийн бичгийн даргын хамтаар хүргэж ирсэн байна... Сонгууль өгөх өдөр иргэний үнэмлэхийг 100, 100 ширхгээр нь бөөндчихсөн тарааж явсныг АН-ын гишүүд илрүүлсэн”4, “Баянзүрх дүүрэг буюу УИХ-ын 22 дугаар тойрогт сонгуулийн санал тоолох ажиллагаа будлиантай болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсаар байна. Жишээ нь санал тоолох явцад сонгуулийн хорооны ажилчид Батзандан гэхийг Батбаяр, Ганхуяг гэхийг Ганди гэж дуудаж байсныг ажиглагч нар илрүүлжээ... хэсгийн хороодоос саналын хуудсыг битүүмжлээгүй, ил задгай цаасан хайрцганд хийсээр орж ирэхтэй таарсан байна. Хараа хяналтгүй, лац ломбогүй ил задгай саналын хуудас авч яваагаа хэсгийн хорооныхон машинд багтахгүй учраас ингэж хэсэг хэсгээр болгосон гэж тайлбарлав”5 , “Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 26 дугаар тойргийн 14 дүгээр хэсгийн хорооны ажилтан н.Дондогмаа гэх эмэгтэй санал тооллогыг будлиантуулжээ. Тэрбээр, илтэд Ардчилсан намын болон бусад нам эвслийн нэр дэвшигчдийн нэрийг дарж, МАХНын хүмүүсийн саналын тоонд нэмэрлэсэн байна. н.Дондогмаа ч үнэхээр нэрсийг албаар зөрүүлэн дуудсанаа хүлээсэн байна”6, “Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын сонгуулийн дөрөвдүгээр хэсгийн хороонд зургадугаар сарын 23-нд Баянгол дүүргээс хаягийн шилжүүлэг хийлгэсэн бичиг баримттай хэсэг хүн санал өгөхийг завдсан байна. Тэд тус сумын төвөөс 2-3 км-ийн зайд автобустайгаа буудалласан аж. Тэднийг 4-5 жижиг машинаар хэсгийн хорооруу ээлжлэн зөөж санал өгүүлэхийг завдсан”7 , “Мөнгө тараасан нь видео бичлэгээр тогтоогдсон Д.Арвин, Ц.Цэнгэл, Ш.Сайхансамбуу, Б.Чойжилсүрэн нарын нэр дэвших эрхийг ч СЕХ Сонгуулийн тухай хуулийн дагуу хасах ёстой байжээ”8, УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог, Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшсэн Б.Лхагважав “Өчигдөр би Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэлийн мэдээллийг тулгаж үзлээ. Энэ дүүрэгт 48 мянган иргэн хамрагдаж байгаа. Энэ тоон дээр нэмээд 12 мянган иргэн сүүлийн долоо хоногт шилжиж ирсэн байна. Ялангуяа сүүлийн хоёр хоногт 4200 хүн ирсэн. Нэг хэсэг дээр 10-20 хувийн нүүдэлчин сонгогчтой болчихсон гэсэн үг. Уг нь бол шилжилт хөдөлгөөнийг хориглосон улаан шугамыг долоо хоногийн өмнө тасалсан”9 гэх мэт, гэх мэт... Иргэний эвслийнхэн сонгуулийн маргааш буюу 6-р сарын 30-ны 14 цагт хэвлэлийн бага хурал зарласан ба нэр дэвшигч Д.Энхбат: “АН, МАХН-аас хэсгийн хорооны бүрэлдэхүүнд багтсан гишүүд саналын хуудас дээрх нэрсийг ээлжилж дуудаж байгаа. Ингэхдээ АН дуудаж байгаа хугацаанд тухайн тойрог дахь тус намын хүн дийлэнх санал авч байна. Сөргүүлээд МАХН-ын төлөөлөл болох хэсгийн хорооны гишүүн бас саналын хуудас дахь нэрийг дуудахдаа өөрийн намын хүндээ зохиомол оноо нэмэх замаар тооллого явагдаж байна”10 гэсэн нь ардчилсан хүчний төлөө өгсөн санал хаачсан болохыг асуусан олон түмний уур хилэнг улам дүрэлзүүлсэн, сонгуулийн тооллого, үр дүнг хууль бус хэмээсэн, цаашлан улс төрийн зарим хүчин төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан ч гэж үзэж болох нэг талаасаа ноцтой, нөгөө талаасаа турхирсан мэдэгдэл байлаа.